Дашдоржийн Зоригт
​​"Хөгжил: хэлбэр ба агуулга" танин мэдэхүйн цуврал.

Эргэцүүлэл No 1
"Тоогоор илэрхийлэгдэх хөгжил эсвэл Америк Монголоос хэд дахин хөгжилтэй вэ?"

Улс баян, хүмүүс чинээлэг байх формула:
ДНБ-ний өсөлт=Хувийн хэрэглээ+Бизнесийн хөрөнгө оруулалт+Засгийн хөрөнгө оруулалт+Худалдааны тэнцэл.

АНУ яагаад дэлхийн хамгийн баян улсын нэг вэ? Яагаад гэвэл нэг хүнд ногдох ДНБ нь 2015 онд 56,084 доллар байсан, энэ нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтийн нэг. Япон яагаад ийм баян сайхан улс вэ? Яагаад гэвэл нэг хүнд ногдох ДНБ нь 2015 онд  32,479 доллар байсан. Яагаад Сингапурыг хөгжлийн гайхамшиг гэдэг вэ? Яагаад гэвэл 1965 онд нэг хүнд ногдох ДНБ нь 516 доллар байсан бол 2016 онд 52,888 доллар болсон. Энэ үзүүлэлт нь АНУ-аас 7 дахин бага байж байгаад одоо бараг адилхан болсон нь хүмүүсийн орлого, орон байр, улс орны өнгө зүснээс нь илэрхий. Яагаад Өмнөд Солонгосыг ядуу байснаа баян болсон гэдэг вэ? Яагаад гэвэл 1950 онд нэг хүнд ногдох ДНБ нь 800 гаруй доллар байж байгаад 2015 онд 27,222 болсон. 1950 онд Африкийн ихэнх орнуудаас ядуу байсан бол өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг. Яагаад Хятад бидний нүдэн дээр хөгжөөд баяжаад байна вэ? Яагаад гэвэл 1990 онд нэг хүнд ногдох ДНБ нь 317 доллар байсан бол 2015 онд 8141 болсон.

Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ нь 2016 оны эцсээр 3686 доллар болсон. 2015 онд 3946 доллар байсан. Өсөх биш буугаад байгаа. Уг нь 2008 онд 2139 доллар байсныг 2012 онд 4368 доллар болгосон байсан. Сүүлийн 5 жилд 700 шахам доллараар буурсан.

Өнөөдөр Хятад Монголоос 2 дахин баян, Өмнөд Солонгос 8 дахин илүү хөгжсөн, Япон бараг 10, Сингапур бараг 15 дахин гэвэл ер нь дөхөж байгаа биз?

Монгол Улсыг баян, монгол хүн бүрийг чинээлэг болгоно гэвэл ДНБ-ний өсөлт нь жил тутам 8 хувиар өссөн байх учиртай. Ядаж 15 жил 8 хувиас доошгүй өсч байж ийм үр дүнд хүрнэ. Дэлхий жилдээ дунджаар 2-3 хувиар өсдөг. Биднээс өндөр хөгжилтэй орнуудыг гүйцэж түрүүлээд өнөөдрийн Өмнөд Солонгос шиг амьдарна гэвэл жилд 8 хувиар 10 доошгүй жил хөгжих хэрэгтэй.

Уянгын халил, уран цэцэн үг, эх оронч санаачилга, цэгц шударга төсөл гэх мэт бүх зүйл эцсийн дүндээ хэдэн тооны шалгуур давах ёстой.

Хөгжлийг түргэтгэх үүнээс өөр ухаантай, шинэ, гүн, эх оронч, шударга гэх мэт арга, онол, санаа байхгүй. Энэ формулагийн хувилбарууд байдаг. Жишээ нь, Дотоодын Нийт Бүтээгдэхүүн биш Үндэсний Нийт Бүтээгдэхүүн (ҮНБ). Үндэсний Нийт Орлого (ҮНО) гэж бас бий. Гэхдээ үндсэн өгөгдөхүүн нь ойролцоо бас л тоон үзүүлэлтээр илэрхийлэгддэг. НҮБ-ын Хүний хөгжлийн индекс, НҮБ-ийн Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас гаргасан Аж үйлдвэржилтийн индекс, Дэлхийн эдийн засгийн форумын өрсөлдөх чадварын индекс гээд бас олон үзүүлэлт бий. Гэхдээ тэд бол хөгжлийн үндсэн үзүүлэлт болох ДНБ-нийг баяжуулах гэсэн, аль нэг өнцгөөс нь илүү нарийн харах гэсэн арга.

Эцсийн дүндээ аливаа ажил, санал санаачилга, хүний, компанийн, засгийн газрын, парламентийн, ерөнхийлөнчийн зүтгэл нь Хөгжлийн төлөө л юм бол ДНБ-ний, ҮНБ, ҮНО-ын тоог өсгөж байх учиртай.

Тэгэхээр ДНБ-ний өсөлтийн энэ дөрвөн үзүүлэлт монгол хүн бүрт хамаатай, хамгийн анхааралтай ажиглах ёстой үзүүлэлт. Энэ талаар хүн бүр санаа зовж, сэтгэл өвдөж, ярьж, хэлэлцдэг байх ёстой. Засаг төрийн ажлыг сайхан гоё үгээр нь биш ДБН-нийг бүрдүүлж буй дөрвөн тоогоор нь дүгнэдэг байх ёстой. Тэднийг жаахан задлаж ярья.

Нэгд, хувийн хэрэглээ гэж юу вэ? Үндсэндээ жижиглэнгийн худалдаа. Дэлгүүрт хүмүүс бараа авахыг л бараг хэлнэ дээ. Монголд энэ үзүүлэлт өсөлтийн олигтой хүчин зүйл болж чаддаггүй яагаад гэвэл цалин орлого бага, мөнгөн орлогын өсөлт багатай байгаа.


Хоёрт, бизнесийн хөрөнгө оруулалт гэж юу вэ? Шинээр бизнес эхлүүлэхийн тулд байшин барих, тоног төхөөрөмж, түүхий эд, сэлбэг худалдаж авахыг хэлнэ. Тухайн жилдээ шинээр гуанз нээгдсэн, уурхай нээгдсэн ч бүгд л энэ үзүүлэлтэд ордог. Монголд өсөлтийн хамгийн гол хоёр хөдөлгүүрийн нэг нь энэ. Бизнесийн хөрөнгө оруулалт хийгдэж байж хүмүүс ажилтай болно. Цалин авна. Бизнес шинээр нээгдэх тусам ажиллах хүч хомсдож, хүмүүсийн цалин өснө. Тийм л учраас дотоод гадаадын хөрөнгө оруулалт чухал гэдэг яагаад гэвэл хамгийн жижиг гуанзнаас эхлээд уурхай хүртэл нээхэд заавал шинэ хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ ондоо үйлдвэр уурхай нээхээр оруулсан хөрөнгийг ирэх жилийн ДНБ-ний өсөлтөд оруулж тооцдоггүй. Шинэ оруулсан хөрөнгийг л тооцно. Тийм учраас жил болгон шинэ үйлдвэр, уурхай, цахилгаан станц гэх мэт том төслүүд эхэлж, хуучин төсөл нь үргэлжилж байх нь чухал. Том төсөл хөдөлж байж л ДНБ нь томоор өснө.

Гуравт, засгийн хөрөнгө оруулалт, зарцуулалт гэж юу вэ? Үндсэндээ төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс хийж буй хөрөнгө оруулалт. Зам, сургууль, цэцэрлэг гэх мэт. Монголд төсвийн орлого муу учраас энэ үзүүлэлт бас олигтой хөдөлгүүр болж чаддаггүй. Гаднаас бонд нэрээр баахан зээл аваад 2013-2015 онд зарцуулсан. Тэр нь эргээд төсөвтөө асар том дарамт үүсгэсэн зээл болж үлдсэн.

Дөрөвт, гадаад худалдааны тэнцэл гэж юж вэ? Ерөөсөө л гадагшаа зарсан бараа гаднаас оруулж ирсэн барааны зөрүү. Энэ үзүүлэлт эерэг, өндөр байх тусам эдийн засаг хурдан өснө. Гэхдээ энд бас нарийн учир бий. Том төсөл эхлэхэд гадаадаас үнэтэй тоног төхөөрөмж оруулж ирэх хэрэгтэй болдог. Тэгээд ирэхэд хэсэгтээ гадаад худалдаа алдагдалтай юм шиг харагддаг. Уг нь бол харин ч өсөлтөд хийж буй хөрөнгө оруулалт. Гадаад худалдааны тэнцэл эерэг мөртлөө гаднаас тоног төхөөрөмж, сэлбэг, түүхий эдийн импорт бага орж ирж байвал маш муу. Шинэ төсөл эхлэхгүй, үйлдвэр үйлчилгээ өргөжихгүй байна гэсэн үг. Импортын хэмжээ тийм ч чухал биш харин импортын бүтцэд юу давамгайлж байгаа нь чухал.

Нэг зүйлийг онцлоход: нэг хүнд ногдох ДНБ болон өрхийн мөнгөн орлого гэдэг хоёр өөр үзүүлэлт. Өнөөдөр Монгол Улсад өрхийн сарын дундаж мөнгөн орлого 900 мянган төгрөг хүрэхгүй байгаа. ДНБ-ийг орлогоор тоолдог аргачлалд цалин, аж ахуй эрхэлснээс орлого, түрээс, ногдол ашиг гэх мэт зүйлүүд ордог. Тэгэхээр цалин бол ДНБ-ний нэгэхэн л хэсэг. Гэхдээ энэ хоёр хамааралтай үзүүлэлтүүд. Цалин өсч байж ДНБ өснө, ДНБ өсч байж цалин өснө.

Энэ дөрвөн тоон дотор л хамаг хөгжлийн бодлого эргэлдэх учиртай. ДНБ-нийг тооцоолох гурван ч аргачилал байдаг. Энд хэлэх гэсэн гол санаа нь бүх юманд шинжлэх ухаанч агуулга байдаг. Өнөөдөр хэлбэрийн ард байдаг агуулгыг олж харахгүй гоё үгэнд хууртаад байна.

Монгол улс хөгжихөд Монгол толгой хэрэгтэй гэдэг. Үнэн. Бодлого тогтвортой байх ёстой. Үнэн. Дэд бүтэц хөгжих ёстой. Үнэн. Гэхдээ хамгийн гол нь энэ дөрвөө ахиулах эцсийн зорилгод төр засаг, хувийн хэвшлийн ажил чиглэх учиртай.

Энэ тоог өсгөхөд бүх зүйлээ дайчилж чадсан улсыг "хөгжлийн улс" (developmental state) гэдэг. Ард олноо, бизнесийнхнээ дарамталж дарга дарангуйлагч нар нь баяждаг улсыг "Араатан улс" (predatory state) гэж бас ангилсан байдаг. Энэ талаар дараагийн постдоо бичье.
 
 

Дашдоржийн Зоригт
​​"Хөгжил: хэлбэр ба агуулга" танин мэдэхүйн цуврал.

Эргэцүүлэл No 2

"Хөгжлийн улс ба Араатан улс: Ялгаа нь юу вэ?"

  
Хөгжлийн улс <=> Араатан улс: Ялгаа нь юу вэ? Жишээ нь юу вэ? Япон хөгжлийн улс мөн бол Катар бас мөн үү? Хөгжлийн улсын шинж тэмдэг: 1..., 2..., 3..., 4..., 5...

Хөгжлийн улсын туйлын жишээ: Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань. Дайны дараа өвс идэж байсан улс орнууд өнөөдөр дэлхийг хүний, нийгмийн, технологийн  хөгжлөөрөө тэргүүлж байна. Нэг хүнд ногдох ДНБ нь өндөр хөгжилтэй орнуудын түвшинд 20-30-хан жилийн дотор хүрсэн. Эдгээр дөрвөн улс, эдийн засгүүд НҮБ-ын Аж үйлдвэржилтийн индекс, Дэлхийн эдийн засгийн форумын Өрсөлдөх чадварын индекс, НҮБ-ын Хүний Хөгжлийн Индексээрээ өндөр хөгжилтэй эдийн засгүүдийн тоонд багтдаг.

Баян улс байдаг. Жишээ нь Персийн булангийн Кувейт, Катар, Саудын Араб гэх мэт орнууд. Эдгээр улсын ДНБ нь өндөр ч гэлээ аж үйлдвэрийн хөгжлөөрөө, өрсөлдөх чадвараараа тэргүүлдэггүй. Зүүн Өмнөд Азийн хурдан хөгжиж буй улс байгаа. Жишээ нь Тайланд, Малайз гэх мэт. Гэхдээ тэнд ядуучуудын хувь хэмжээ нь их, нэг хүнд ногдох ДНБ нь дундаж түвшинд хүрээд зогсонги байдалд орсон, өндөр хөгжилтэй орнуудын түвшинд аль ч талаараа, (ялангуяа шинэ технологи нэвтрүүлэх чадвараараа) хүрч чадахгүй байгаа.

Тэгэхээр 20 дугаар зуунд туйлын ядуу байж байгаад барууны өндөр хөгжилтэй орнуудыг гүйцэж очсон дөрөвхөн улс нь Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань. Бусад хурдан хөгжиж буй орнууд нь заавал аль нэг үзүүлэлт нь дутуу эсвэл тодорхой түвшинд очиод гацсан бол энэ дөрөв аль ч өнцгөөс нь хэмжсэн өндөр хөгжилтэй орон болсон. Энэ бол үнэхээр гайхамшиг, хөгжлийн гайхамшиг. Сүүлийн 20-иод жилд Хятадыг бас хөгжлийн улс гэж үзэх судлаачид олон болсон. Ойрын 10-аад жилд Хятад улс бүх үзүүлэлтээрээ өндөр хөгжилтэй орнуудын жагсаалтад орж чадах эсэх нь тодорхой болно.

Энэ дөрөв бас Хятад улс яаж ийм гайхамшигтай амжилтанд хүрэв?

Хөгжлийн улсын шинж тэмдэг нь,
нэгд, Экспортын хөрөнгө оруулалтыг дэмжих аж үйлдвэржилтийн бодлоготой,
хоёрт, Бие даасан, бусад нийгмийн бүлэгтэй хамтран ажиллах чадвартай меритократ төрийн албатай, гуравт, Чанартай хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн тогтолцоотой, тавд, зайлшгүй байх ёстой эдийн засгийн өрсөлдөөн, бизнесийн бие даасан байдал юм.

Чалмерс Жонсон, Питер Эванс, Роберт Вэйд  гэх мэт олон судлаачид (гол төлөв эдийн засагч) хөгжлийн улс гэсэн ойлголтыг дээр дурдсан дөрвөн орны жишээг судлаж1980-аад онд нэвтрүүлсэн.

​Дараагийн постуудад хөгжлийн улсын энэ таван онцлогийн талаар арай илүү тодорхой бичнэ. Гарчгийг нь харахад ойлгомжтой юм шиг мөртлөө нарийн зүйлүүд дотор бас бий. Үүнд нэг л зүйлийг нэмж онцлох нь зүйтэй.

Хөгжлийн улс байхын тулд заавал дарангуйлагчийн хатуу гар хэрэггүй. Япон улс Дэлхийн хоёрдугаар дайны дараа ардчилсан улс болоод хамгийн хурдан хөгжсөн. Өмнөд Солонгос ардчилсан улс болоод хөгжлийн хурд нь сараагүй. Тайвань ч мөн адил. Сингапурт хэдийн сонгууль болдог ч гэсэн ардчилсан улс гэхэд хэцүү. Ер нь улс хөгжиж технологи бизнесийн өндөр түвшинд гарах тусам ард иргэд, бизнесүүд нь эрх чөлөөг нэхдэг. Эрх чөлөөтэй байж хүн сэтгэх нь ч хүртэл чөлөөтэй болж илүү ур чадвар, хурд шаардсан өрсөлдөөнд амжилт гаргадаг.

Бас нэг онцлох ёстой зүйл бол хөгжлийн улс гэхээр төр бүх юмыг өөрөө мэдээд хийнэ гэсэн үг огт биш. Хөгжлийн төлөө төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөгжлийн төлөө нийгмийн гэрээ. Аль нэг нь нөгөөхөө дарамтлах, эзэгнэх гэхээсээ илүү аль аль талынхаа байр суурийг сонсож чаддаг, хамтарч чаддаг байх нь асар чухал. Нэг судалгаанд дурдсанаар Японы эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн яамны газрын даргын ажлын цагийн 45 хувь (!) нь хувийн хэвшлийнхэнтэй уулзаж байр суурийг нь сонсох, бусад салбарын яам, газруудтай байр сууриа нэгтгэхэд зарцуулдаг байсан байна.  
​​Тэгэхээр Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур бол хөгжлийн улсын туйлын жишээ. Хятад бас дөхөж байгаа. Хөгжил гэдэг дарангуйлал биш харин хөгжлийн төлөө хамтын ажиллагаа. Өөрийн гэсэн таван онцгой шинжтэй.

Араатан улсын шинж тэмдэг нь төрийн нэрийн өмнөөс дээдчүүд нь хүч хэрэглэж ард олноо хүчирхийлж, бизнесээ дарамталж шулж амьдардагт оршино. Төр нь хүчтэй мөртлөө тэр хүчээ нийтээрээ хөгжихөд биш нэг хэсэг нь дээрэм тонуул хийхэд ашигладаг. Тэнд мэргэжлийн төрийн алба ч байхгүй, боловсрол эрүүл мэндийн тогтолцоо ч байхгүй гэхэд болно. Өрсөлдөөн бас байхгүй. Хөгжих боломж огт байхгүй улс.

1970-80аад оны Африкийн хэдэн дарангуйлагчдаар удирдуулсан улсууд Араатан улсын жишээ болдог. Хүний мах иддэг гэж яригддаг байсан Иди Амины Уганда, одоо ч амьд байгаа Мугабегийн Зимбабве, Маркосын үеийн Филлипин улс.

Энэ бол хойр туйл. Нэг нь хөгжлийн туйл, нөгөө ядуурлын туйл. Энэ хоёр туйлын дунд ихэнх улс орнууд байдаг. Хэрэв хөгжлийн улсыг 100 гээд араатан улсыг 0 гэвэл бусад бүх улс орнууд энэ хоёр тооны дунд байна. Жишээ нь Энэтхэг улс мэргэжлийн төрийн албатай мөртлөө тэр нь меритократ гэхэд хэцүү, нөлөөнд автдаг, авилга хэхууль авдаг учраас бие даасан бодлого гаргаж чаддаггүй. Боловсролын тогтолцоо нь чанар сайтай, эрүүл мэндийн тогтолцоо ч сайн. Бүх нийтийн хүртээмж талаасаа хөгжлийн улсын зэрэгт хүрэхгүй. Эдийн засгийн өрсөлдөөн сул, төр нь эдийн засагт бас дэндүү өөрөө оролцох дуртай. Ийм байдлаар дүгнэхэд Энэтхэг улс бол 100-аас 50-60 хавьцаа байх болов уу.

Монгол Улс тэгвэл хаана нь байх вэ? Бид 100аас хэдэн оноо хавьцаа байх бол? Үүний тулд хөгжлийн улсын таван шинж тэмдгийн талаар нэг тус бүрээр дараа дараагийн постод бичиж Монгол Улсад тэр шинж тэмдэг нь байгаа эсэх талаар ярилцъя.

Эцэст нь дахин хэлэхэд: шинжлэх ухаанч хандлагө гэдэг бүх юманд чухал. Хөгжил гэдэг ойлголтыг зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр орлуулж болохгүй. Тодорхой жишээ, шинж тэмдэг, тоо, судалгаа ярихгүйгээр зүгээр нэг цуу яриа, хөөрцөглөсөн уран үг, барин тавин ярих хийрхэл олигтой зүйлд хүрэхгүй. Direction determines destination гэсэн англи хэллэг байдаг. Хаа хүрэх газрыг нь хаашаа явж байгаагаас нь мэдэж болно гэсэн утгатай. Хөгжлийг тоогоор илэрхийлж, Хөгжлийн улсын шинж тэмдгийг нь ангилж, зэрэг дэвийг нь тогтоосон судалгааг мэдэж ойлгож байж хаана яваа, хаашаа яваа, хэр хурдтай яваагаа ухаарна. 
 

Дашдоржийн Зоригт
"Хөгжил: хэлбэр ба агуулга" танин мэдэхүйн цуврал

Эргэцүүлэл No 3
"Хөгжлийн улсын төрийн алба vs Олз омгийн төрийн алба. Төрийн албаны "парашют" болон "лифтийг" яаж зогсоодог вэ?

  
"Хөгжлийн улс: хэлбэр ба агуулга" гэдэг цувралын ээлжит дугаараа шууд Хөгжлийн улсын шинж тэмдэг дугаар 2-оос нь эхэлье гэж бодлоо. Тэр нь "Бие даасан, бусад нийгмийн бүлэгтэй хамтран ажиллах чадвартай меритократ төрийн албатай" байх шинж тэмдэг юм.

Хөгжлийн улсын төрийн алба үндсэндээ дөрвөн онцлох чанартай байдаг. Нэгд, хамгийн сайн сургуулийг хамгийн сайн төгссөн залуусаас элсүүлдэг. Хоёрт, ажилласан жил, авъяас чадвар, үр дүнгээрээ албан тушаал дэвшдэг, цалин нэмдэг. Гуравт, бие даах чадвар гэдэг нь элдэв зүй бус гадны нөлөөллөөс ангид байж чаддаг. Үндсэндээ ашиг сонирхолын зөрчил, авилга хээл хахуулиас ангид байж чаддаг, байлгадаг гэсэн үг. Дөрөвт, бодлого боловсруулахдаа бизнесийн төлөөлтэй маш сайн зөвлөлдөж чаддаг, шаардлагатай нийгмийн бүлгүүдийн саналыг сонсож тусгаж чаддаг.

Энэ шинж чанаруудыг Чалмерс Жонсон, Роберт Уэйд, Алис Амсден, Питер Эванс зэрэг эдийн засагч, улстөр судлаачид Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапурын хөгжлийг судлаж онцолсон байдаг.

Нэгдүгээр онцлох шинж чанарын хувьд Өмнад Солонгос, Сингапур, Тайвань, Хятад бүгд л Японы боловсролын тогтолцоог хуулбарлан авсан байдаг. Японд хүүхэд дунд сургуулиа төгсөөд шалгалт өгдөг. Тэр шалгалтандаа хамгийн өндөр дүн авсан хүүхдүүд нь өндөр зэрэглэлийн ахлах сургуульд ордог, тэр нь хувийн ч байдаг төрийнх ч байдаг. Нэр хүнд сайтай, өндөр зэрэглэлийн ахлах сургуульд л орсон хүүхдүүд хамгийн нэр хүндтэй дээд зэрэглэлийн их сургуульд (Токиогийн Их Сургууль гэх мэт) элсэх магадлал өндөр байдаг.

Хамгийн сайн их сургууль төгссөн залуучууд гол яамдуудад ажилд орох магадлал өндөр байдаг. Жишээ, Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яаманд (ЭЗХАҮЯ) 2005 онд ажилд орсон жинхэнэ төрийн албан хаагчдын 85 (!) хувь нь Токиогийн Их Сургуулийн төгсөгчид байсан. ЭЗХАҮЯ-ыг Японы эдийн засгийн гайхамшгийг бий болгосон яам гэж үздэг. Aлдарт Ministry of Economy, Trade and Industry (METI).  Улсын эдийн засгийн бодлогын цөм нь энэ яам байдаг.

Дунд сургууль, ахлах сургуулийн шалгалтанд ямар нэгэн арын хаалга, маргаан будлиан гардаггүй, төрийн албаны шалгалт өөрөө асар их өрсөлдөөнтэй байдаг учраас энэ 85 хувь бол тухайн жилийнхээ шилдэгийн шилдэг гэдэгт эргэлзээ огт байхгүй.

Хоёрдугаар онцлох шинж чанарын хувьд төрийн албанд ажилласан жилд асар их ач холбогдол өгдөг. Заавал тодорхой заасан жил ажиллаж байгаад үе шаттайгаар албан тушаал ахидаг. Ахлах мэргэжилтэн хийж үзээгүй хүн хэзээ ч хэлтсийн дарга болохгүй, хэлтсийн дарга хийж үзээгүй хүн хэзээ ч албаны дарга хийхгүй, албаны дарга хийгээгүй хүн хэзээ ч газрын дарга хийхгүй. Дээрээс "парашютаар" эсвэл доороос "лифтээр" шууд даргын албан тушаалд очино гэж байхгүй. Жишээ нь, Хятадын Төрийн албаны хуулиар хоёр шат алгасуулан томилох шууд хуулиар хориотой. Нэг албан тушаалд наад зах нь 5 жил ажилласан байх ёстой, онцгой нөхцөлд (тэрийг нь бас тодорхой заасан байгаа, жишээ нь, алслагдсан хөдөө орон нутагт ажилладаг ч юм уу) 2.5 жилийн дараа шат ахиж болно.  40 нас гарж байж л алба газрын дарга хийнэ гэсэн үг. Нэгэнт л шат болгонд албан тушаал ахиж байгаа хүний тоо цөөрдөг учраас албан тушаал ахих болгонд үр дүн, авъяас чадварыг нь харгалзаж байж томилдог. Мэдээж хэрэг танил тал, харилцаа холбоо гээд элдэв асуудал байж л таараа гэхдээ нэгэнт л угаасаа чадвартай мэдлэгтэй хүмүүсийн дундаас аль нэг нь дэвшиж байгаа учраас алдаа мадаг бага гардаг.

Сайн мэргэжилтэн хүн албан тушаал ахихгүй байлаа ч гэсэн зэрэг ахиж цалин нэмэх боломжтой байдаг. Жишээ нь Хятадад төв засгийн газрын яаманд насаараа ажилласан хүн тэтгэвэрт гарахдаа ганцхан шат ахиж ахлах мэргэжилтэн байлаа ч гэсэн авч буй цалин нь залуувтар хэлтсийн даргаасаа их байдаг. Тийм учраас албан тушаал ахихгүй байлаа ч цалингаа ахиулах гэж хүн хичээдэг.

Цалингийн хувьд, жишээ нь, Сингапурт аль 1970-аад оны эхэн үеэс дэлхийн томоохон корпорацтай (газрын тос Шэлл компани) төрийн албаны цалинг адилтгаад эхэлсэн. Гэхдээ Японд ч, Хятад ч, Өмнөд Солонгос ч төрийн албан хаагчийн цалин тийм ч өндөр биш, хүмүүс гол төлөв тогтвортой, нэр хүндтэй учраас томоохон яамдуудад орохыг хүсдэг.

Гурав болон дөрөвдүгээр шинж тэмдэгийн хувьд Питер Эванс гэж судлаач "autonomy" болон "embededdness" гэж томъёолсон байдаг.

Autonomy (бие даасан байдал гэж орчуулж болно) гэдэг нь үндсэндээ элдэв зүй бус нөлөөнд авталгүй бодлого гаргаж, хэрэгжүүлэх явдлыг хэлдэг. Нөгөөтэйгүүр Embededdness ( нэг юмны бүрэлдэхүүн хэсэг болсон байдад) гэдэг бодлого гаргаж хэрэгжүүлэхдээ нийгмийн шаардлагатай бүлгүүдтэй зөвлөлдөж, тэдний санаа бодлыг сонсож, зүйтэй гэж үзсэн санааг нь бодлогодоо тусгах явдлыг хэлдэг.

Төрийг алба хэтэрхий автомит байгаад бие даагаад ирэхээрээ нийгмийн хэрэгцээ шаардлагыг ойлгохоо больдог. Ёстой нөгөө Араатан улсын шинжтэй болдог. Харин бодлого гаргаж байгаа салбартаа уусаад, бизнесийнхээ бүрэлдэхүүн хэсэг нь дэндүү болоод эхлэхээр ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдөөд нийт нийгмийн ашиг тусын төлөө биш тухайн бизнесийн эсвэл сонирхлын бүлэглэлийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх гээд байдаг.

Тэгэхээр хөгжлийн улсын төрийн албанд бие даах, зөвлөлдөж сонсох чанар хоюулаа байх учиртай.

Питер Эванс мэтийн зарим суудлаачдын үзэж байгаагаар энэ хоёр чанарыг бий болгодог үндсэн хүчин зүйл нь боловсрол байдаг. Жишээ нь дандаа Токиогийн Их Сургууль төгссөн хүмүүс нэг газар ажиллана гэдэг нэг талаасаа танил тал татсан бүлэглэл, муугаар ярьвал мафи мэт боловч энэ нь бол "зөв мафи" гэж эдгээр судлаачид үздэг. Боловсролоор шигшигдсэн хүмүүс нэг бүлэг болохоороо тэдний харьцааны үндэс суурь нь мэрит буюу авъяас, чадвар, амжилт байдаг. Сайн сурч сайн сургууль төгсөөд мундаг газар ажиллаж байгаа хүмүүсийн хувьд энэ бүлэгт хамрагдана гэдэг нь өөрөө зүгээр нэг дан ганц нэр төрийн асуудал ч биш цаашид ажил амьдралдаа ахиц гаргах баталгаа болдог. 
​​Үндсэндээ Токиогийн Их Сургуулийн төгсөгч гэдэг нь өөрөө брэндийн үнэ цэнэ гэсэн үг. Хэрэв хахууль авах, ёс зүйн алдаа гаргах юм бол брэндээ алдана, цаашид энэ бүлэгт хамрагдах эрхгүй болно, тэр утгаараа олон жил бусдаас хавьгүй илүү зовж хөдөлмөрлөж олсон сайн сайхан амьдрах боломжоо алдана гэсэн үг. Нэгэнт л энэ мэрит бүлэгт хамрагдах нь өөрөө амьдралын баталгаа, нэр төрийн хэрэг учраас буруу зүйл хийх нь илүү алдагдалтай байдаг гэж судлаачид үздэг. Брэндийн үнэ бизнес ертөнцөд байдагтай адил төрийн албанд энэ бол сургуулийн нэр хүндийн үнэ цэнэ.  

Үүнтэй харьцуулах юм бол нутаг ус, омог овгийн бүлгүүдийн харьцааны үндэс суурь зарчмын хувьд өөр байдаг гэж Питер Эванс зэрэг судлаачид үздэг. Тэдний хувьд авъяас амжилт гэхээсээ илүү төрсөн газар, цус ургийн харьцаа нь нэг нэгэнтэйгээ ижилсэх үндэс суурь болдог. Хэмжүүр нь өөр. Ийм хэмжүүрээр төрийн албанд элсүүлээд эхлэхээр нөгөө мэрит, авъяас, амжилтын хэмжүүр алдагддаг.  Сургуулийнхаа брэндийн нэр хүнд, ажлын үр дүнгээрээ амжилттай яваа бүлэг хүмүүст хамрагдах нэр хүнддээ үнэнч байхаасаа илүү отог омог, хамаатан садандаа үнэнч байдаг.

Нөгөөтэйгүүр төрийн албын бие даасан байдлыг хангахад зайлшгүй авилгалтай тэмцэх нь чухал. Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куань Ю өөрийн дотны андаа авилгал авсны төлөө шоронд явуулснаа дурьдатгалдаа бичсэн байдаг. Авилгалтай тэмцэхгүйгээр авилгал алга болохгүй.​

Бас нэг зүйл бол хөгжлийн үзэл суртал гэмээр юм уу даа. Питер Эванс бол үүнийг "sense of national project" гэж нэрлээд байгаа юм. Үндсэндээ төрийн алба нь хөгжлийн төлөө бүх зүйлийг хийж байгаа, энэ зорилгодоо үнэнч байгаа гэсэн итгэл үнэмшлийг олон нийтэд төрүүлж чаддаг, олон нийт нь өөрөө хөгжлийн төлөө гэсэн нэг зорилгод хөтлөгддөг байдал нь маш чухал "disciplining" буюу хяналтын механизм болдог. Хөгжилд сөрөг зүйлд соргог байдаг, хөгжилд харшил зүйлийг нийтээрээ жигшдэг ч гэмээр юм уу даа.

Төрийн албыг зөвлөлдөж, сонсдог болгодог хамгийн чухал хэрэгсэл бол бизнесийн танхимууд байдаг. Японы Кэйданрэн бол дэлхийд хамгийн алдартай бизнесийн танхим. Энэ байгууллагын дарга, орлогч нар нь Японы хамгийн том Тоёота, Мицуи, Мицубиши, Сумитомо зэрэг компанийн төлөөллүүд байдаг. Аливаа том шийдвээрээ яамдууд энэ байгууллагатай зөвлөлддөг, Кэйданрэн ч өөрөө олон зүйлийг санаачилж төрдөө санал болгодог. Төрийн байгуудлагууд жижиг дунд бизнесүүдийг төлөөлсөн холбоо, салбаруудыг төлөөлсөн холбоо, хөдөө аж ахуйн бизнесүүдийн холбоо, хоршоодын холбоо, үйлдвэрчний эвлэлүүд гээд төрийн бус байгууллагуудтай маш ойр дотно ажилладаг.

Японы нэг судлаачийн хийсэн судалгаанд яамны газрын даргын ажлын цагийн 45 хувь элдэв бизнесийн холбоо, байгууллагуудтай уулзаж байр суурийг сонсож, зохицуулалт хийхэд зарцуулагддаг гэж бичсэн байсан.

21-р зууны "bit-driven development" буюу мэдээлэл, шинэ санаанд суурилсан хөгжлийн эринд төр нь улам нээлттэй, дан ганц бизнесийн элиттэй бус нийгмийн бүх хэсэг бүлэгтэй зөвлөлдөх, санал бодлыг нь сонсох арга хэлбэрээ олох нь чухал гэж Питер Эванс сүүлийн нэг судалгаандаа онцолсон байдаг.

Эцэст нь судлаачид хөгжлийн улсын нэг шинж тэмдгийг заавал онцолдог. Тэр нь "centers of excellence" буюу жишиг болсон авъяас чадварын төвлөрөл. Төрийн албыг нийтэд нь жигд онц сайн болгоход хэцүү. Бүх ахлах сургуулийг бүгдийг нь жишиг болгоод тэнд сурч байгаа бүх хүүхдийг онц сур гэвэл дэндүү их мөрөөдсөн болно. Японд жишээ нь ахлах сургуульд сурч байгаа хүүхдүүдийн 20-30 хувь нь л нэр хүндтэй өндөр зэрэглэлийн их сургуульд орох гэж шалгалтандаа бэлддэг. Тэр хүүхдүүддээ тусгай сургалтын орчин бий болгож, зориуд дунд сургууль төгссөн шалгалтаа сайн өгсөн хүүхдүүдийг нэг дор бөөгнөрүүлдэг. Тэрэнтэй адилхан төрийн эдийн засгийн бодлогын цөм болсон цөөн хэдэн газар нь "centers of excellence" болдог. Японд жишээ нь ЭЗХАҮЯ, Сангийн яам, Гадаад яам, Төв Банк, хуучнаар Боловсрол, шинжлэх ухаан, технологийн яам бол хамгийн нэр хүндтэй, хамгийн чадвар сайтай яамдууд гэж тооцогддог. Хятадад мөн адил Хөгжил шинэчлэлийн хороо (үндсэндээ Хятадын METI), Төв банк, Худалдааны яам, Гадаад яам, Сангийн яам гэх мэт газрууд нэр хүндтэй байдаг.

Хөгжлийн улсын төрийн албаны бусад онцлог чанар бас бий. Шийдвэрүүдээ үндсэндээ бүх газруудын консенсусаар зөвшилцөж гаргадаг, аль нэг тал эсэргүүцэх юм бол асуудлыг хойшлуулдаг. Аливаа шийдвэрийн төлөө хариуцлага хүлээх хүн маш тодорхой байдаг. Нэг албанд 3-5 жилээс илүү ажиллуулдаггүй заавал сэлгэдэг. Хятадад бол яамны газрын дарга болох хүн заавал орон нутагт ажилласан туршлагатай байх ёстой байдаг. Гэх мэт онцлог чанар байдаг.

Тэгэхээр Монголд ийм төрийн алба байгаа юу? Байсан. Байсан учраас 1990 -ээд оны эхэн үеийг харьцангүй зөөлөн давсан. Сүүлийн 10 гаруй жилд төрийн албаны мэргэшсэн байдал маш ихээр алдагдаж байна. Улстөрийн намууд алдагдуулж байна.

Одоо хамгийн түрүүнд бидний хийж чадах ажил бол мэргэшсэн төрийн албаа сэргээх. Яагаад гэвэл бидэнд тийм туршлага байсан. Хэлэхэд амар боловч хийхэд хэцүү. Гэхдээ хамгийн ойр харагдаж байгаа боломжит ажил бол энэ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулагаа УИХ-ын ирэх чуулганаар батлаад хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.