ADD YOUR OWN TITLE HERE

January 24, 2014

  
ОРШИЛ
Судалгааны зорилго:  Монгол улсын эдийн засгийн хөгжилд нүүрсний салбар бодитой хувь нэмэр оруулж байна. Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах гол хөдөлгөгч хүч болсон нүүрсний олборлолт, экспортын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, Монгол улсын 2012 оны нийт экспортын 47 хувийг нүүрсбүрдүүлсэн байна. Судлаач энэхүү  бүтээлээрээ нүүрсний экспортыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болсон гадаад зах зээлийг нарийвчлан судлах, экспортын оновчтой бодлого боловсруулах, зохицуулалтын механизмын талаар зөвлөмж гаргах, мөн эдийн засгийн дипломат үйл ажиллагааны онол, практикийг манай нөхцөлд хэрхэн оновчтой хэрэглэх талаар санал дэвшүүлэх зорилготавин ажиллалаа. Судалгааг хийхдээ дараах зорилтуудыг тавьсан. Үүнд:
Дэлхийн нүүрсний зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, төлөв хандлагыг нарийвчлан судалж, Монгол улсын хувьд боломжит зах зээлийн хувилбарыг тодорхойлох.
Монголын нүүрсэнд гүн боловсруулалт хийж, нэмүү өртөг үйлдвэрлэх боломжтой дэвшилтэт технологийн талаар судлах, тээвэр, ложистикийн асуудалд дүн шинжилгээ хийж, шийдвэрлэх арга замын талаар санал зөвлөмж гаргах.
Нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлийг тодорхойлох замаар цаашид авах арга хэмжээний талаар санал зөвлөмж гаргах зэрэг болно.
Судалгааны обьект, судлах зүйл: Судалгааны үндсэн обьект нь “Олон улсын нүүрсний зах зээл” бөгөөд судлах зүйл нь Монгол улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд эдийн засгийн дипломат үйл ажиллагааны механизмыг хэрхэн үр ашигтай хэрэглэх тухай асуудал юм.
Сэдвийг судлах болсон шалтгаан: Монгол улсын гадаад харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах үйл хэрэгт нүүрсний экспорт чухал хувь нэмэр оруулж байна. Нүүрсний экспортын асуудлыг авч үзэхдээ гадаад, дотоод орчны хүчин зүйлийг харгалзаж үзэх зайлшгүй шаардлага байна. Үүнтэй уялдаж нүүрсний салбарын хөгжил нь дан ганц уул уурхайн салбарын асуудалтөдийгүй олон салбарын зангилаа, геополитикийн огтлолцол дээр орших гадаад харилцааны бодлого, төлөвлөлтийн эгзэгтэй хүрээний асуудал юм.
Сэдвийн судлагдсан байдал: Олон улсын эдийн засгийн харилцаа болон нүүрсний салбарын хөгжил, техник, технологийн талаар харьцангуй өргөн судалгаахийгджээ. Харин нүүрсний экспортын асуудлыг эдийн засаг, улс төрийн өнцгөөс нь хамтатган авч үзсэн судалгаа болон макроорчны дүн шинжилгээ төдийлэн хийгдээгүй байна. Иймд судлаач энэхүү бүтээлдээ нүүрсний экспортыг нэмэгдүүлэх асуудалд гадаад дотоод хүчин зүйлсийг харгалзан авч үзсэн эдийн засгийн дипломат үйл ажиллагааны асуудалд анхаарч судалгаа хийв. Мөн коксжих нүүрс болон коксын асуудалд түлхүү анхаарч бодит тоо баримт, баталгаат статистик мэдээ, эх сурвалж, тооцооны үндсэн дээр нарийвчлан судалгаа хийв.
Судалгааны онол арга зүйн үндэс: Судлаач сэдвийг олон улсын худалдааны онол, олон улсын эдийн засгийн харилцааны онол, маркетингийн онол болон макро эдийн засгийн онолд тулгуурлан судалгаа хийв. Судалгаанд статистик, харьцуулалт, динамик болон логикийн аргуудыг ашигласан.
Судалгааны шинэлэг тал: Монгол улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд эдийн засгийн дипломат үйл ажиллагааг хэрхэн оновчтой, зөвзохистой хэрэглэх талаар судалж санал зөвлөмж гаргав. Мөннүүрсний хөгжлийн асуудлыг дан ганц эдийн засгийн үр ашиг талаас нь бусбусад хүчин зүйлийг харгалзан авч үзэж судалгаа хийсэн нь судалгааны шинэлэг тал гэж үзэж байна.


НЭГДҮГЭЭРБҮЛЭГ: ОЛОН УЛСЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА.
1.1     Эдийн засгийн дипломат үйл ажиллагааны онолын үндэс:
Олон улсын худалдаа, эдийн засгийн онолыг анх XVIII зуунд бий болгосон байдаг. Гол төлөөгөчид нь Адам Смит, Дэвид Рикардо, Томас Мальтус нар юм. Өнөөгийн зах зээлийн эдийн засгийн загварыг бий болгоход Английн эдийн засагч Жон Майнерд Кейнс, мөн экспортын баримжаатай эдийн засгийн хөгжлийн загвараар олон улсын худалдаанд хэрхэн үр ашигтай оролцох асуудалд Хекшер Олин, Столпер Самуэлсон нарын теорем үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Гадаад худалдаа, олон улсын эдийн засгийн харилцааг үр дүнтэй хөгжүүлснээр хөгжил дэвшилд хүрч болдог жишээг Япон, Өмнөд солонгос, Авсртали, Канадын жишээ бүрэн харуулж байна. 1980-аад оноос хүч авсан даяарших үйл явцтай зэрэгцэн олон улсын харилцаанд тогтвортой хөгжлийн асуудал шинэ сорилт болов. Дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахын тулд эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байх учиртай. Үүнтэй уялдаж XXI зуун гарсаар олон улсын харилцаанд “Эрчим хүчний аюулгүй байдал”, “Гео-эдийн засаг”, “Стратегийн түүхий эд”, “Стратегийн түншлэл” зэрэг шинэлэг нэр томьёо, хэллэг өргөн хэрэглэгдэх боллоо. Даяарших үйл явцаас хоцрохгүй байх гэсэн хэсэг бүлэг орон байхад энэ үйл явц боломжийг ашиглан хүчээ бэхжүүлж, нөлөөгөө тэлэх гэсэн өөр хэсэг бүлэг орон байх жишээтэй. Товчоор хэлбэл даяарших үйл явц нь өрсөлдөөний том талбар болсон. Нэг талаас асар их боломж мэт хэдий ч, хэрэв ухаалаг, оновчтой, гадаад орчинг мэдэрсэн бодлого, зохицуулалт явуулж чадахгүй аваас харин ч эсрэгээр эрсдэл авчрах магадлалтай юм. Эдийн засгийн дипломат үйл ажиллагаа (ЭЗДҮА)-ны талаар олон улсын харилцаа, эдийн засгийн онолчид, эрдэмтэд янз бүрийн өнцгөөс тайлбарлаж, тодорхойлсон байна. Эдгээрийг дүгнэж үзвэл: ЭЗДҮА-нь аливаа орны гадаад бодлогын салшгүй хэсэг юм. Улам бүр даяаршиж буй өнөө үед энэхүү механизм нь  олон улсын харилцааны чухал хэрэгсэл болжээ. Гол зорилго нь тухайн улс орны эдийн засгийн чадавхийг дээшлүүлэхэд гадаад харилцааны хүчин зүйлийг зөв зохистой ашиглах асуудал юм. Экспорт, импорт, хөрөнгө оруулалт, зээл, тусламж, хувь хүний шилжилт хөдөлгөөн гэх мэт хил дамнасан эдийн засгийн асуудлуудыг зохицуулахад ЭЗДҮА чухал үүрэгтэй.  ЭЗДҮА-нь олон салбарын зангилаа асуудлыг хамарч байдаг бөгөөд гадаад, дотоод орчны нөлөө, улс төр, эдийн засгийн асуудлыг хамтатган авч үзсэн цогц бодлогын илэрхийлэл юм. Аливаа ээдрээтэй асуудлыг дипломат яриа хэлэлцээний шугамаар шийдэх нь оновчтой, үр дүнтэй гэсэн ойлголт дэлхий нийтэд давамгайлдаг. Эдийн засгийн дипломат яриа хэлэлцээг хоёр тал, бүс нутаг, олон талт гэсэн 3 шатлалд авч үзэж байна.
1.1.1  Тогтвортой хөгжил ба эрчим хүчний найдвартай эх үүсвэр.
Зах зээлийн эдийн засгийн зарчмын дагуу худалдаа, хөрөнгө оруулалт чөлөөтэй болсон нь эдийн засгийн даяаршил, бүс нутгийн интеграцын хөгжилд гарсан чухал ололт юм. Үүний нэг тод жишээ нь сүүлийн 20 жилд дэлхийн улс орнуудад гадаад хөрөнгө оруулалтын урсгал эрс нэмэгдэв. Дэлхийн улс орнуудын гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО) 1990 онд 207 тэрбум ам.доллар байсан бол 2011 онд 1.524 триллион ам.долларт хүрч даруй 7.4 дахин өссөн байна.[1]Харин дэлхийн худалдаа 2011 онд 18.2 триллион ам.долларт хүрсэн нь 1990 оны үзүүлэлтээс даруй 3 дахин өсөлттэй гарчээ.[2]Ийнхүү дэлхийн худалдаа,хөрөнгө оруулалтын үйл явц эрчимжсэн нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөх гол хүчин зүйл болов. Дэлхийн ДНБ-ний үйлдвэрлэл 1990 онд 22.2 триллион ам.доллар байсан бол 2011 онд 69.6 триллион ам.долларт хүрч 3.1 дахин өсөв. Үйлдвэрлэл өргөжихийн хэрээр шинэ хот суурин, төмөр зам, гүүр, цахилгаан станц, эрчим хүчний шугам, хоолой, барилга байгууламж зэрэг дэд бүтцийн “мега” төслүүд хэрэгжих болж, улмаар өсөлтийг тогтвортой хангах эрчим хүчний түүхий эдийн асуудал дэлхийн нийтийн өмнө шинэ сорилт болов. НҮБ-аас гаргасан судалгаанаас үзвэл өнгөрсөн 40 жилийн хугацаанд дэлхийн хүн амхоёр дахин өсч 6,5 тэрбум болсон ба 2050 он гэхэд 9 тэрбумд хүрэх төлөвбайна.Дэлхийн хүн ам өсөхийн зэрэгцээ даяаршил, улс орнуудын хөгжлийн ерөнхий түвшин ойртож байгаа ньэрчим хүчний хэрэгцээ нэмэгдүүлж, улам их нөөц баялгийг шаардаж байна. Үүнтэй уялдаж дэлхийн эдийн засгийн тэргүүлэх гүрнүүд, эдийн засаг нь эрчимжиж буй орнууд эрчим хүчний найдвартай эх үүсвэр, нөөц баялагтай шинэ зах зээл эрэлхийлэх асуудлыг гадаад бодлого, харилцаандаа анхаарах болж, улмаар олон улсын тавцанд эрчим хүчний эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн, тэмцэл эрчимжив.Олон улсын эрчим хүчний  байгууллагын судалгаагаар 2030 он хүртэл дэлхийн анхдагч эрчим хүчний хэрэгцээ жилд 1.5 хувиар өсөх төлөвтэй. 2012 оны 6 дугаар сард Бразилийн Рио де Жанейро хотод НҮБ-ын 170 гаруй орны төр, засгийн тэргүүн нар “Тогтвортой хөгжил”-ийн асуудлаар хуран чуулж ирэх 20 жилийн стратеги, төлөвлөгөө болох “Ногоон эдийн засгийн тунхаглал”-ыг баталсан билээ. Дэлхий дахин ирээдүйдээ санаа зовнин тогтвортой хөгжлийг тэргүүлэх хэмжээнд тавьж байгаа нь түүнийг тэтгэх найдвартай эрчим хүчний нөөц, эх үүсвэрийн олдоцын асуудлыг  улам бүр үнэ цэнэтэй болгож байна.
1.1.2    Олон улсын эрчим хүчний хэрэгцээ, эдийн засгийн дипломатүйл ажиллагаа
2030 он хүртэл дэлхийн анхдагч эрчим хүчний хэрэгцээ жилд ойролцоогоор 1.5 хувиар өсөх тухай олон улсын судалгааны байгууллагууд тооцож байна. Энэ нь өнөөгийн хэмжээнээс даруй 40 хувиар их байхаар төсөөлөгдөж байна. Хятад, Энэтхэг улс энэхүү өөрчлөлтийн гол хөдөлгөгч хүч байх нь. 2030 он хүртэлх хугацаанд нүүрсний үйлдвэрлэл нь бусад төрлийн түлшнээс хамгийн их өсөлттэй буюу жилд 1.9 хувиар өсөхөөр таамаглаж байна.Хөгжилтэй орнуудын нүүрсний хэрэглээ жилээс жилд багасч харин хөгжиж буй орнуудын хэрэглээ өссөөр байна. Нүүрсний гол хэрэглээ Ази тив рүү аажмаар шилжиж байна. Хятад, Энэтхэг 1980 онд дэлхийн нийт нүүрсний 1/5 хувь нь ногдож байсан бол өнөөдөр тал хувь нь, 2030 он гэхэд 2/3 хувь нь ногдохоор байна. Эрчим хүчний аюулгүй байдлын асуудалтай уялдаж олон улсын харилцаанд эдийн засгийн дипломатүйл ажиллагаа чухал үүрэг рольтой болж байна. Японы гадаад харилцааны сайд Сэижи Маехара 2011 оны 1 сард Японы гадаад бодлогын талаар тавьсан илтгэлдээ тус улсын эдийн засгийн дипломат үйл ажиллагааны чиглэлийг томьёолсон байдаг. Тэрээр  “Японы эдийн засгийн дипломат бодлого нь 4 тулгуур баганаас бүрдэх ба эдгээр нь чөлөөт худалдааны систем, нөөц баялаг, эрчим хүчний урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, олон улсын дэд бүтэц болон Япон улс-аялал жуулчлалын баримжаатай үндэстэн” гэжээ.[3] Хятадын хувьд энэ асуудалд онцгойлон анхаарч 2012 онд гадаад харилцааны яамандаа эдийн засгийн дипломат үйл ажиллагааг тусгайлан хариуцсан хэрэг эрхлэх газрыг байгуулсан байна.[4]
1.2     Олон улсын нүүрсний зах зээлийн хөгжил, цаашдын чиг хандлага.
1.2.1    Нүүрс стратегийн ач холбогдолтой түүхий эд болох нь.
Нүүрснь хар, хар хүрэн өнгөтэй, амархан шатдаг нэгэн төрлийн тунамал чулуулаг юм.Нүүрс нь дээд ургамлын үлдэгдэл хүлэрээс үүсэх ба дотроо хүрэн нүүрс, чулуун нүүрс, антрацит гэсэн төрөлд хуваагдана.1988 онд НҮБ-ын Европын эдийн засгийн комиссоос “дунд ба дээд ангиллын нүүрсний олон улсын кодын систем” баталсан ангиллаар бүх төрлийн нүүрсийг дээд зэрэглэлийн буюу хатуу, доод зэрэглэлийн буюу хүрэн гэж  ерөнхий 2 бүлэгт хуваасан. Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс гаргасан судалгаагаар 2030 он хүртэлхи хугацаанд нүүрсний үйлдвэрлэл нь бусад төрлийн түлшнээс хамгийн их өсөлттэй буюу жилд 1.9 хувиар өсөхөөр байна. Нөгөөтэйгүүр 2007 онд жилд 4548 сая тонн байсан нүүрсний үйлдвэрлэл 2030 онд 6980 сая тонн байхаар урдчилан тооцогджээ. Мөн 2030 гэхэд нүүрс нь бусад түүхий эд болох газрын тос, байгалийн хий, сэргээгдэх эрчим хүчнээс илүүтэйгээр хэрэглэгдэх төлөв байна. Иймээс нүүрсийг стратегийн ач холбогдолтой түүхий эд гэдгийг дэлхийн улс орон хүлээн зөвшөөрч байна.
1.2.2    Дэлхийн нүүрсний нөөц, олборлолт, худалдаа, цаашдын хандлага.
Дэлхийн нүүрсний нөөц:Дэлхийн нөөцийн талаарх олон улсын мэдээлэл нь үндсэндээ улс орнуудын батлагдсан нөөцийн мэдээлэлд тулгуурладаг. Нүүрсний нөөцийг геологийн түвшингийн судлагдсан төвшингөөр нь 3 ангилалд худаадаг. Үүнд:Нарийвчилсан хайгуул хийгдсэн буюу батлагдсан нөөц /А[5],В,С1/, урьдчилсан хайгуул хийгдсэн буюу багцаалсан нөөц /С2/, таамагласан нөөц /Р1, Р2, Р3/.2012 оны дэлхийн нүүрс олборлолтын түвшинд үндэслэж, Олон улсын эрчим хүчний зөвлөлөөс гаргасан таамаглалаар дэлхийн нүүрсний баталгаажсан нөөц 861 тэрбум тонн байна гээд энэхүү нөөц нь өнөөдрийн хурдаар 112 хэрэглэх боломжтой гэж тооцжээ.  Дэлхийн нүүрсний баталгаажсан нөөц  2001 онд 985 тэрбум тонн байсан бол 10 жилийн хугацаанд буюу 2011 оны эцсээр ийнхүү 12,6%-иар багассан үзүүлэлт гарчээ.[6] Харин Германы BGR хүрээлэнгийн тооцоолсноор 2011 оны байдлаар дэлхийн хэмжээнд 130 жилийн хугацаандолборлох 1004 тэрбум тонн нүүрс нөөц байна гэж ээ.Өнгөрсөн гучин жилийн дотор дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээ бараг хоёр дахин нэмэгдсэн ба 2030 он гэхэд дахин 50%,  2050 он гэхэд гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна.  Дэлхийн хүн амын өсөлт, тэдний хэрэгцээг хангах аж үйлдвэрлэл хоёр хамгийн гол шалтгаан болдог. Өнөөдрийн байдлаар нүүрс дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн 40%, байгалийн хий- 20%, усан цахилгаан станц-16%, атомын эрчим хүч 15%, газрын тос 7% тус тус байна.Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс гаргасан мэдээллээс үзэхэд нүүрсний тархалтын хувьд жигд, АНУ, ОХУ, БНХАУ, Австрали, Энэтхэг зэрэг улсууд хамгийн их нөөцтэй байна. Бразил, Герман хүрэн нүүрс, Өмнөд африк, Казакстан зөвхөн коксжих нүүрсний нөөцтэй орнууд юм.
Дэлхийн нүүрсний хэрэгцээ:Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн таамгаар 2030 он гэхэд нийт эрчим хүчний нэмэлт хэрэгцээний 70% нь хөгжиж буй орнууд, үлдэж байгаа 30%  нь хөгжингүй орнуудад ноогдох юм. Дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч-үйлдвэрлэгч орнууд бол Хятад, Энэтхэг, АНУ юм. Тэдгээрээс гадна Австрали улс экспортлогч харин Японтомоохон импортлогч орон юм. Хятад улс дотооддоо асар их нүүрсний нөөцтэй хэдий ч Африкийн орнуудтай өргөн хэмжээгээр олон түвшинд хамтран ажиллаж байна.2007-2030 оны үеийн нүүрсний хэрэгцээний 75% нь цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд 12% нь аж үйлдвэрийн салбарт хэрэглэгдэхээр байна. Нүүрс нь эрчим хүч болон дулааны үйлдвэрлэлийн гол түлш байх ба 2030 он гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн 49%-ийг нүүрснээс гаргаж авах юм байна.
Дэлхийн нүүрсний олборлолт: 2011 онд нүүрс олборлолтын хэмжээгээр тэргүүлсэн орнууд: Хятад – 3.47 тэрбум тонн, АНУ - 1 тэрбум тонн, Энэтхэг – 585 сая тонн, Австрали – 414 сая тонн, Индонез – 376 сая тонн, ОХУ – 334 сая тонн, Өмнөд африк – 256 сая тонн, ХБНГУ – 189 сая тонн, Польш – 139 сая тонн, Казакстан – 117 сая тонн нүүрс тус тус олборлож дэлхийн тэргүүлэгч 10 орны тоонд орсон байна. Эдгээрийг нүүрсний төрлөөр ангилан доор хүснэгтэд үзүүлэв. Мөн онд дэлхийн чулуун нүүрсний  олборлолт 6.64 тэрбум тоннд хүрчээ. Үүнээс 5.31 тэрбум тонн - эрчим хүчний нүүрс, 967 сая тонн - коксжих нүүрс эзэлж байна.

Хүснэгт 1.      2011 оны нүүрс олборлолт. ТОР-10 орнууд
(Сая тонн)
Эх сурвалж: Дэлхийн нүүрсний холбоо

2030 он гэхэд дэлхийн нүүрсний үйлдвэрлэл  2007 оны түвшингээс даруй 52% буюу 2.4 тэрбум тонноор өсөх ба энэхүү өсөлт нь өнөөдрийн Хятад, Энэтхэг, Индонези гурвын нэгтгэсэн хэмжээний өсөлт болох тухай таамаг гарчээ.2007-2030 оны хооронд нүүрсний үйлдвэрлэл өсөхөөр харагдаж байна. Дотоодынхоо нүүрсний хэрэгцээг даруй 2 дахин нэмэх шаардлагатай Хятад улсад  энэхүү өсөлтийн 61%  ноогдож байна.
Дэлхийн нүүрсний худалдаа: 2011 онд дэлхийн хэмжээнд 1 тэрбум 150 сая тонн нүүрсний гадаад худалдаа хийгджээ. Үүнээс 861 сая тонн эрчим хүчний нүүрс, 276 сая тонн коксжих нүүрс, 13 сая тонныг хүрэн нүүрс эзэлжээ. Индонез, Австрали, АНУ, ОХУ, Колумби, ӨАБНУ гол экспортлогч, Хятад, Япон, Энэтхэг, Өмнөд солонгос, Тайвань, ХБНГУ гол импортлогч орнууд байв. Австрали, ОХУ, Канад, Колумбийн хувьд коксжих нүүрс давамгайлан экспортлосон бол Индонез, Өмнөд Африк эрчим хүчний нүүрс голлон экспортлосон байна. Цаашдаа Хятад улс дэлхийн нүүрсний зах зээлд ноёлох төлөвтэй. 2007 онд Австрали, Индонез, ОХУ, Өмнөд африк, Колумби, АНУ, Хятад зэрэг 7 орон дэлхийн хэмжээний нийт нүүрсний цэвэр экспортын 91 хувийг эзэлж байв.  Харин 2030 гэхэд эдгээр 7 орны дэлхийн нүүрсний цэвэр экспортонд ноогдох хэмжээ 87 хувь хүрч буурахаар байна. Энэ нь Хятад улс цаашид нүүрс цэвэр импортлогч орон болж байгаатай холбоотой бөгөөд Венесуэль, Монгол, Мозамбик зэрэг орнууднүүрсний зах зээлд гарч ирж буйтай холбоотой хэмээн Дэлхийн эрчим хүчний байгууллагын судалгаанд дурджээ.
1.2.3  Дэлхийн коксжих нүүрсний зах зээл:
2011 онд дэлхийн хэмжээнд нийт олборлосон эрчим хүчний нүүрсийн 29.4 хувь, коксжих нүүрсний 28.9 хувь, хүрэн нүүрсний дөнгөж 0.5 хувь олон улсын худалдаа, арилжаанд хамаарагдсан байна. Индонез улс дэлхийн хэмжээнд нүүрс олборлолтын хувьд тэргүүлэгч орны нэг хэдий ч 2011 онд зөвхөн эрчим хүчний нүүрс экспортлосон байна. 2011 онд дэлхийн нийт коксжих нүүрсний экспортын тэн хагас нь Австрали улсад ногдож байна. Иймд азийн орнуудын коксжих нүүрсний хэрэгцээг Австрали, Монгол, мөн ОХУ нийлүүлэх боломжтойдүр зураг ажиглагдаж байна. 2011 онд Япон улс 54 сая тонн, Хятад улс 38 сая тонн коксжих нүүрс импортлосон нь манай коксжих нүүрсний экспортын хэмжээнээс даруй 2-2.5 дахин их байна. Энэтхэг, Өмнөд Солонгосын хэрэглээ нь цаашид улам бүр өсөх хандлага ажиглагдаж байна. Иймд манай коксжих нүүрсний зах зээл нь Хятадаас гадна Япон, Өмнөд солонгос, Энэтхэг зэрэг орнууд байх магадлалтай.  Энд тээвэр ложистикийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай.
Коксжих нүүрсний үнэ: 2011 дэлхийн хэмжээнд 271 сая тонн коксжих нүүрсний худалдаа хийгдсэн бол 2012 онд энэ хэмжээ даруй 10 хувиар өсч 300 сая тонн болох төлөвтэй байна. 2011 онд Хятад улсын гангийн үйлдвэрүүд үйлдвэрлэлийн хүчин чадлаа бууруулсантай уялдуулж Хятадын коксжих нүүрсний хэрэглээ багассан. 2012 оны 3 дугаар сарын байдлаар Хятадын аж үйлдвэрлэлийн өсөлтийн индекс HSBC Flash Purchasing Managers Index-ийн дагуу 48.1 хувь болж буурсан. Ийнхүү Хятадын индекс 50 хувиас доогуур байгаа нь аж үйлдвэрлэлийн салбарын хэрэглээ буурсаныг илтгэж байна. Гэсэн хэдий ч 2017 онд хүртэл Хятадын коксжих нүүрсний хэрэглээ жилд дунджаар 7 хувийн өсөлттэй байх ба экспортын хэмжээ нь 69 сая тоннд хүрэх хандлагатай байна. Өндөр чанарын коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ 2012 оны 2 дугаар улирлын байдлаар ФОВ Австрали нөхцлөөр тонн нь 206 ам.доллар ханштай байв. 2011 онд тонн нь 289 ам.доллараар гэрээлэгдэж байсан коксжих нүүрсний үнэ 2012 онд буурч 221 ам,доллараар гэрээлэгдэж байв. 2012 гарсаар Евро бүсийн орнуудад тохиолдож буй эдийн засгийн хямрал болон Хятад улсын импортын хэмжээ буурсантай уялдуулж коксжих нүүрсний үнэ буурсан, харин2013 оноос дахин өсөх хандлагатай байна. Коксжих нүүрсний үнэ 2012 онд буусан асуудлыг Австрали, Канад, Монгол болон Мозамбек зэрэг орнуудад ойрын жилүүдэд коксжих нүүрсний үйлдвэрлэлийн томоохон орд, уурхай шинээр ашиглалтанд орох гэж буйтай зарим шинжээчид холбож байна.
1.2.4  Дэлхийн гангийн зах зээл.
2012 онд дэлхийн гангийн үйлдвэрлэл 1,548 сая тонн хүрсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 68 хувь шууд нүүрснээс хамааралтай байна. Дэлхийн нийтийн хэмжээнд үйлдвэрлэсэн 761 сая тонн гангийн үйлдвэрлэл нь коксжих нүүрс болон нунтгалсан нүүрс (PCI)-ийг хэрэглэж үйлдвэрлэгдсэн байна. Энэ нь дэлхийн хэмжээний нийт нүүрсний хэрэглээний 12 хувь нь гангийн үйлдвэрлэлд зориулагдсан тоо гарч байна.2000 оны түвшинтэй харьцуулахад дэлхийн гангийн хэрэглээ 2010 гэхэд даруй 69 хувь өссөн нь энэ төрлийн материалын эрэлт хэрэгцээ их байгааг нотолж байна. Дэлхийн гангийн нийт хэрэглээний 40 хувь Хятадад ногдож байна. 2010 оны үзүүлэлтээр дэлхийн нийт гангийн 44.9 хувь Хятадад, Энэтхэгт – 14.5 хувь, Япон 5 хувь, Европын холбоо 11.3 хувь, Хойд америк – 8.8 хувь ногдож байна. Эндээс харахад ойрын ирээдүйд Хятад, Энэтхэг болон азийн зах зээл гангийн гол хэрэглэгч байх нь тодорхой юм.
Судлаач энэхүү бүтээлдээ онцлон үзэж байгаа нь Монголын коксжих нүүрсийг гангийн үйлдвэрлэлийн зорилгоор экспортлох боломж, тэдгээрийн гадаад зах зээлийн судалгаа нарийвчлан гаргахыг зорьсон. Дээрхи хүснэгтээс дүгнэхэд дэлхийн гангийн хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байна.  2004 оны гангийн үйлдвэрлэлтэй харьцуулахад 2011 онд үйлдвэрлэлийн хэмжээ 1.5 дахин нэмэгдсэн бөгөөд даруй жилийн үйлдвэрлэл 450 сая орчим тонноор нэмэгдсэн байна.
Коксын зах зээл:Коксыг ширэм хайлуулахад, хар ба өнгөт металлын үйлдвэрт, ахуйд шууд шатаах замаар хэрэглэдэг. 2001-2008 онд дэлхийн хэмжээнд боловсруулсан нийт коксын 6-8 хувийг нь худалдаалсан байна. Ази тив 2009 онд -424 сая тонн, 2010 онд 459 сая тонн, 2011 онд 534 сая тонн кокс үйлдвэрлэжээ.1990 оны эхэнд Хятад улсад дэлхийн коксын үйлдвэрлэлийн 20 хувь ногдож байсан бол 2010 онд 65 хувь нь ногдож байна. Хятад улс Шаньси зэрэг эх газрын гүнд байрлалтай коксын үйлдвэрүүдээ далайн эрэг хавийн боомтуудыг бараадуулан шилжүүлэн байршуулах, гангийн үйлдвэрүүдийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. 2008 оны 8 дугаард Хятадын засгийн газраас коксыг дотоодын хэрэгцээнд илүүтэйгээр хэрэглэх үүднээс экспортын лицензийг цэгцлэх, коксын экспортонд тоон хязгаар ноогдуулах зэргээр зохицуулалт хийсэн. Мөн коксын экспортонд 40 хувийн татвар ноогдуулах болсон. Энэхүү зохицуулалт нь дэлхийн хэмжээнд нэлээд хомсдлыг бий болгоод байна. Коксын үнэ өндөр хэвээр тонн нь 500 ам.долларт тогтвортой байна.
1.3     Зүүн Хойд Азийн нүүрсний зах зээл
1.3.1  Зүүн Хойд Азийн эдийн засгийн либералчлал ба Монгол улс:
Дэлхий дахинд их бүтээн байгуулалт өрнөх үйл явцтай зэрэгцэн  эрдэс түүхий эдийн нөөцтэй Монгол улсын нэр хүнд сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд өсөх болов. Монголыг далайд гарцгүй орон гэхээс илүүтэйгээр өнөөдөр, “стратегийн түшиц байршил” гэж үзэх нь илэрхий болж, Монгол гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орших болов. Ийнхүү Монголын зах зээл үнэ цэнэтэй болж буйд дараах 2 хүчин зүйлс нөлөөлж байна гэж үзэж байна. Үүнд:
Нэгдүгээрт : Зүүн Хойд Азийн (ЗХА) бүс нутагт эрчим хүчний эх үүсвэрийн хэрэгцээ их байгаатай холбож үзэж байна. Сүүлийн жилүүдэд эрчим хүчний анхдагч эх үүсвэр болох газрын тос, байгалийн хий, нүүрс, сэргээгдэх эрчим хүчний  дэлхийн зах зээлийн хэрэглээ улам бүр өсч, эдгээр түүхий эдийн эрэлт өссөөр байна. ЗХА-ийн нутаг дэвсгэрт орших Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг 3 орон урт хугацаанд дэлхийн эрчим хүчний түүхий эдийн гол импортлогч байх нь тодорхой болж байна. Хоёрдугаарт: Хоёр хөрш орон ДХБ-д нэгдсэн нь чухал хүчин зүйл болов. Хятад улс 2001 онд ДХБ-д нэгдэн орохдоо зах зээлээ либералчлах талаар авсан үүрэг амлалтаа 2008 оноос бүрэн хэрэгжүүлж эхэлсэн нь Хятадад бизнесийн таатай орчинг бүрэлдүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг эрчимтэй татах үндсэн нөхцөл болсон. Хятадад гадаадын хөрөнгийн урсгал орох тусам үйлдвэрлэл, үйлчилгээний цар хүрээ ихсэж байна. Харин хойд хөрш ОХУ-ын хувьд хорь гаруй жилхэлэлцээ хийсний эцэст 2011 онд ДХБ-д нэгдэн оров. ОХУ ДХБ-д нэгдэн орсон нь ЗХА-д төдийгүй, дэлхий дахины худалдаа, эдийн засгийн либералчлах үйл хэрэгт чухал үйл явдал болов. ЗХА бүс нутагт эдийн засгийн таатай орчин бүрэлдэх үйл явцыг дагаад Монгол улсын уул уурхайн салбар эрчтэй хөгжиж байна. Үүний нэг тод жишээ нь Монгол улсын эдийн засгийн өсөлт 2011 онд 17.4 хувьд хүрсэн юм.
1.3.2  ЗХА-ийн нүүрсний эрэлт, нийлүүлэлт
Судлаач энэхүү бүтээлдээ манай коксжих нүүрс болон коксын хувьд Зүүн хойд Азийн зах зээлд эрэлт ямар байх талаар судалсан. Хятад улсын хувьд 2008 оны 8 дугаар сараас эхлэн коксжих нүүрсний экспортонд зохицуулалт хийж экспортыг нь танах, экспортонд тоон хягаар, квот ногдуулах, экспортын татварыг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээг авч эхэлсэн. Хэдийгээр энэ зохицуулалт нь дэлхийн зах зээлд хомсдол бий болгож буй ч манай хувьд нүүрсний экспортыгнэмэгдүүлэх тайтай боломж олгож байна. 2011 онд Хятад улс 2831 сая тонн эрчим хүчний нүүрс, 504 тонн коксжих нүүрс олборлосон нь зөвхөн дотоодын хэрэгцээнд зориулсан төдийгүй 146 сая тонн эрчим хүчний нүүрс, 38 сая тонн коксжих нүүрс нэмж гаднаас импортлосон байна.


Хүснэгт 2. 2011 онд Зүүн хойд орнуудын нүүрсний олборлолт, худалдаа.
(Сая тонн)


Эх сурвалж: Дэлхийн нүүрсний холбоо

ОХУ-ын хувьд 78 сая тонн коксжих нүүрс олборлосны дөнгөж 14 сая тонныг экспортолж үлдсэн хэсгийг дотооддоо зориулсан байна. Гангийн тэргүүлэх үйлдвэрлэгч Япон, Өмнөд солонгосын хувьд нүүрсний олборлолт хийгдээгүй ба нүүрсний импортоос бараг 100 хувь хамааралтай байна. Дээрхи үзүүлэлтээс дүгнэлт хийхэд Зүүн хойд азийн зах зээлд Монгол гол нийлүүлэгч байхаар ажиглагдаж байна. Ялангуяа, коксжих нүүрсийг гүн боловсруулж кокс гаргаж экспортлох тохиолдолд Хятадаас гадна Япон, Өмнөд солонгос эрэлт ихтэй зах зээл байх нь харагдаж байна. Харин ОХУ-ын хувьд манай адил ЗХА-ийн зах зээлийн гол нийлүүлэгч байх магадлалтай. Хэрэв манай экспортлогч компаниуд үнэ, өртгөө сайтар тооцож ашигтай байх тохиолдолд эрчим хүчний нүүрсийг хятадын зах зээлд гаргах боломжхарагдаж байна.
Хятад 2011 онд 46 сая тонн эрчим хүчний нүүрс импортлосон нь энэ төрлийн нүүрсний эрэлт хэрэгцээ бодитой байгааг нотолж байна. Зүүн хойд Азийн зах зээл нь манай коксжих нүүрс болон коксын хамгийн бодит, эдийн засгийн хувьд ашигтай зах зээл байх болно. 2011 онд ОХУ-ын Владивосток дахь Восточный боомтоор дамжуулж Ухаа худгийн угаасан коксжих нүүрсийг Японы Мициу компани худалдан авсан нь манай нүүрс зүүн хойд азийн гурав дагч зах зээлд гарах үүд хаалгыг нээж өгсөн. Зүүн хойд азийн орнуудаас ОХУ өөрийн олборлосон нүүрсний бага хэсгийг экспортлосон байна. 2011 оны дэлхийн гангийн үйлдвэрлэлийн 60 орчим хувь Зүүн хойд азийн орнуудад ногдож байна.
1.3.3  Орос-Хятадын нүүрсний салбарын хамтын ажиллагаа:
ОХУ, Хятад ДХБ-д нэгдсэн нь Монгол улсын хувьд хоёр хөрш болон бүс нутгийн түнш орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцааг олон улсын худалдааны стандарт, дэг жаяг, дүрмийн дагуу явуулах эрх зүйн таатай орчин бүрдүүлж байна. Манай хоёр хөршийн харилцаанд дулаан уур амьсгал орж, харилцаа нь эдийн засгийн агуулгаар улам баяжиж байна. 2010 оны 9 дүгээр сард Орос, Хятадын төрийн тэргүүн нар хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл”[7]-ийн хэмжээнд хүргэж хөгжүүлэхээртохиролцов. 2012 оны 5 дугаар сард ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин Хакасын бүгд найрамдах улсад ирж Кызыль-Курагино чиглэлийн төмөр замын шав тавих ёслолд оролцов.Монголын хилийн ойролцоо орших оросын томоохон 7 коксжих нүүрсний ордын хүчин чадал нийлээд жилд бараг 80 сая тонныг олборлох боломжтой юм. Эдгээр ордыг ашиглаж эхэлснээр Оросын ган үйлдвэрлэгчдэд коксжих нүүрсийг баталгаатайгаар нийлүүлэх, мөн нүүрсээ Оросын Алс Дорнод дахь боомтуудаар дамжуулан экспортлох зорилт тавьж байна. Эдгээр ордыг ашиглаж эхэлснээр коксжих болон эрчим хүчний нүүрсний нийлүүлэлт ихсэх, оросын төмөр зам болон далайн боомтын ачаалал маш нэмэгднэ гэж тооцож байна. 2012 онд Орос-Хятадын худалдааны эргэлт 88 тэрбум ам.долларт хүрч, хөрөнгө оруулалт 4.1 тэрбум ам.долларт хүрэв. Харилцан хөрөнгө оруулалтын дийлэнх хэсэг нь эрчим хүч үйлдвэрлэл, нүүрс олборлолт, байгалийн хий, нефть бүтээгдэхүүний хоолойн байгууламж, тээврийн дэд бүтцэд орсон байна. 2012 оны 12 дугаар сард “Орос-Хятад эрчим хүчний салбарт хамтарч ажиллах хэлэцээр”[8]-т хоёр орны засгийн газрын дэд тэргүүн нар гарын үсэг зурсан нь тус хоёр орны стратегийн түншлэлийн харилцаанд эрчим хүчний хамтын ажиллагаа, нэн ялангуяа газрын тос, байгалийн хий болон нүүрсний салбарт хамтран ажиллах асуудал чухал байр суурь эзэлж буйг нотлон харуулав. Мөн оросын эрчим хүчний сайд, хятадын эрчим хүчний удирдах газрын удирдлагууд 2010 онд “Орос-хятадын нүүрсний салбарт хамтарч ажиллах тухай хэлэлцээр”-т алс дорнодын Благовешенск хотноо гарын үсэг зурсан билээ.ОХУ-ын 2030 он хүртэлхи эрчим хүчний стратеги нь алс дорнод руу чиглэж байгаа болон орос-хятадын нүүрсний салбарын нягт хамтын ажиллагаа зэрэг нь ЗХА-ийн бүс нутагт Монгол төдийгүй, ОХУ нүүрсний гол экспортлогч нийлүүлэгч байх өндөр магадлалтайг нотолж байна. 
1.3.4  Хятадын нүүрснийзах зээл.
Хятад 3,7 тэрбумтонн түүхий нүүрс олборлож, 525 саятонн коксжих нүүрсний баяжмал үйлдвэрлэсэн нь дэлхийн коксжих нүүрсний үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг эзэлж байна. Зөвхөн ӨМӨЗО-ны нутаг дэвсгэрээс 2012 онд 1 тэрбум орчим тонн нүүрс олборлосон нь Хятадын нүүрсний үйлдвэрлэл хэр хурдтай өсөж байгааг харуулж байна.2004 оноос Хятадын засгийн газар коксжих нүүрс экспортлох бодлогондоо хяналт тавьж эхэлсний улмаас нүүрсний экспорт буурч, импорт нь өссөн. Энэ нь мөн дэлхийн зах зээлд томоохон цохилт болсон. Жишээ нь, 2004 онд 1 тонн 110$ (CIF) байсан коксжих нүүрсний үнэ 2008 онд 300$ хүрч өссөн.Хятад улс нь нүүрс экспортлогч орноос аажмаар нүүрс импортлогч орон болох зорилт тавьж байна.Хятадын хувьд нүүрсний томоохон нөөц нь хойд хэсэгтээ төвлөрч байхад гол хэрэглээ нь өмнөд хэсэгтээ төвлөрч байна. Улмаар хятадын хойд талаас өмнөд хэсэг рүү нүүрс тээвэрлэх ложистикийн асуудал чухлаар тавигдаж байна. Хятад 2012 онд 270 сая тонн нүүрс импортоор авсан бөгөөд үүний ихэнхийг Австрали, Индонезоос нийлүүлжээ.Хятад дэлхийн хамгийн том импортлогч орон хэдий ч дотооддоо 3,7 тэрбум нүүрс олборлож, хэрэглэдэг юм.
1.4     Энэтхэг улсын нүүрсний зах зээл:
Энэтхэг улсын эдийн засагт нүүрс чухал ач холбогдолтой эрчим хүчний анхдагч эх үүсвэр юм. Өнөөдрийн байдлаар Энэтхэгийн нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 68 хувь, дулааны эрчим хүчний 78 хувийг нүүрс хангаж байна[9]. Нэн ялангуяа гангийн үйлдвэрлэл, цемент, барилгын материал, цаасны үйлдвэрлэл зэрэг улс ардын аж ахуйн чухал салбарууд нь нүүрснээс шууд хамааралтай байна. Энэтхэг улсын эдийн засаг хүчирхэгжихийн хэрээр эрчим хүчний анхдагч эх үүсвэрийн хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж байна. 2008 онд Энэтхэгт нийт 490 сая тонн нүүрс олборлож байсан бол 2011 онд энэ үзүүлэлт даруй 585 сая тонн хүрч өссөн нь дотооддоо нүүрсний хэрэгцээ асар их байгааг харуулж байна. Нүүрсний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж буйтай уялдаж Энэтхэг улс дан ганц нүүрс олборлогч орон бус мөн аажмаар нүүрс импортлогч орон болох зорилт тавьж байна. Энэтхэг улс нүүрсний экспортонд хязгаарлалт хийж, харин импортыг урамшуулах бодлого барих бололттой. Үүний нэг жишээ нь нүүрсний импортонд ноогдуулдаг 5.1 хувийн гаалийн татварыг цуцалж байгаа асуудал юм.  Энэтхэгийн гангийн үйлдвэрлэл өсөх хандлагатай байна. 2011 онд 71 сая тонн ган үйлдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 6 сая тонноор нэмэгджээ. Энэтхэгт сүүлийн 5 жилд гангийн үйлдвэрлэл даруй 50 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Гангийн хэрэгцээ нэмэгдэж буйн гол шалтгаан нь засгийн газраас хүнд үйлдвэрлэлийг дэмжих талаар дорвитой бодлого хэрэгжүүлж байгаа, мөн дэд бүтцийн салбарт ГШХО ихээр орж байгаатай холбоотой юм.
ХОЁРДУГААР БҮЛЭГ: МОНГОЛ УЛСЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ХИЙХ ДҮН ШИНЖИЛГЭЭ
2.1     Монголын нүүрсний нөөц, олборлолт, экспорт, цаашдын чиг хандлага.
Нүүрсний нөөц.УУЯ-аас гаргасан тооцоогоор Монгол улс 2015 онд 50, 2020 онд 65, 2025 онд 75 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй байна. Монгол улсын нүүрсний таамаг нөөц 173 тэрбум тоннд хүрсэн. Монгол улс 2012 онд 31.1 сая тонн нүүрс олборлож 20.1 сая тонныг экспортлосон[10]байна. Зөвхөн тавантолгойн нүүрсний ордын нөөц баялаг 6.4 тэрбум тонн гэж тооцоолж байна. Иймд өнөөдөр тогтоогдсон дэлхийн нүүрсний нөөц баялгийн 4-5 орчим хувь нь Монголд ногдож байна гэж үзэх боломжтой.2011 онд Ашигт малтмалын нөөцийг тайлагнах олон улсын стандартын хороотой АМГ санамж бичигт гарын үсэг зурсан.Энэ тохиролцооны дагуу 2011 онд эрдэс баялгийн зөвлөлөөс нийт 23 ордын 7.8 тэрбум тонн нөөц шинэчлэн баталсан байна.Хүснэгтээс үзэхэд манай нүүрсний нөөцийн 60 гаруй хувь нь говь болон зүүн бүсийн нутагт байршиж байна.

Хүснэгт 3. Монгол улсын нүүрсний нөөц
Эх сурвалж: УУЯам

Монгол орны нутаг дэвсгэрт явуулсан геологи-хайгуулын судалгааны үр дүнгээр Карбон, Пермийн, Юрагийн, Цэрдийн насжилт бүхий нүүрсний 15 сав газрыг тогтоосон бөгөөд Баруун Монгол, Дорнод Монгол гэсэн 2 провинцид хуваадаг. Нүүрсний 15 сав газарт өнөөгийн байдлаар 100-аад орд, 270 гаруй илрэл тогтоогдоод байгаа бөгөөд нүүрсний геологийн нийт нөөц нь 175539,3 сая тонн. Нүүрсний төрлийн хувьд “Б1” маркаас ”А” антрацит хүртэл нүүрс тогтоогдсон.Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Улаан нуурын хөндийд байрлах Таван толгойн чулуун нүүрсний орд газар нь нийт 80 мянган га газрыг хамрах бөгөөд 1.5 миллиард тонн коксжих болон эрчим хүчний батлагдсан, 4.9 миллиард тонн олборлох боломжит нөөц бүхий стратегийн ач холбогдол бүхий орд газар юм.



Зураг 1. Нүүрсний олборлолт ба экспорт
(Сая тонн)
Эх сурвалж: УУЯам

2011 онд Монгол улсын гадаад худалдааны нийт эргэлт 11.3 тэрбум долларт хүрчээ.Өнгөрсөн оны дүнгээс даруй 83 хувиар өссөн байна.Нийт экспортын 46.8 хувийг чулуун нүүрс, 20.1 хувийг зэсийн баяжмал, 9.1 хувийг төмрийн хүдэр, 5.2 хувийг боловсруулаагүй нефть эзэлжээ. Эндээс үзэхэд нийт экспортын бараг тал хувийг нүүрсний экспорт бүрдүүлж байгаа нь уг түүхий эд манай улсын хувьд стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн болсныг бүрэн нотолж байна.Үндэсний статистикийн газрын мэдээлсэнээр 2012 онд Монголд үндэсний 6 компани нийт нүүрсний экспортын 96 хувийг экспортлосон байна.  Үүнд: Энержи ресурс-26%,МАК-21%,Таван толгой-11%,Саус Гоби Сэндс-15%,Эрдэнэс ТТ-13%, Мон Эн Ко- 4 % болжээ.
2.2     Монгол улсын нүүрсний салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт ба түнш орнуудын ашиг, сонирхол
Нүүрсний олборлолт, экспортын эрчимтэй өсөлттэй холбоотойгоор тус салбарын  Монгол улсын эдийн засагт оруулах хувь нэмэр өссөөр байна. Ашигт малтмалын газраас гаргасан мэдээгээр салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 2008 онд 184.6 тэрбум төгрөг буюу улсын төсвийн 1 хувийг эзэлж байсан бол, 2012 онд энэ дүн 10 дахин өсч 2.2 их наяд төгрөг буюу улсын төсвийн 18 орчим хувьд хүрсэн байна.[11]Нүүрсний салбарт төрийн өмч давамгайлсан, хувийн болон гадаадын шууд хөрөнгө оруулалттай 50 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадаадын хөрөнгө оруулалттай Энержи ресурс, Монголын алт, Саус Гоби Сэндс, Чинхуа-МАК-Нарийн сухайт, Таван толгой, Мо Эн Ко зэрэг олон компаниуд ажиллаж байгаа бөгөөд эдгээр компаниуд нүүрс олборлолт хийж, мөн экспортлож байна. Дэлхийн хөрөнгийн зах зээлийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхай, ашигт малтмал, түүхий эдийн бизнес.Манай улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниуд Монголын нүүрсний лицензтэй ордод тулгуурлан олон улсын зах дээр хөрөнгө босгож байна. Тухайлбал, Хонг-Конгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн Хөшөөтийн нүүрсний орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Mongolia Energy Corporation Limited” компани нийт 6,1 тэрбум ширхэг хувьцаа гаргаж 27,0 тэрбум гонгконг долларын санхүүжилтийг босгоссон. Мөн Монголын үндэсний компани болох Mongolia Mining Corporation Гонконгийн бирж дээр амжилттай гарлаа. Торонто, Лондон, Хонг Конг, Нью Йоркийн хөрөнгийн биржүүдэд Монгол улсын уул уурхайн орд хамааралтай 20 гаруй компанийн хувьцаа арилжаалагдаж байна.2010 оноос Монгол улсын нүүрсний салбарын эдийн засагт оруулах үр өгөөж улам бүр өсөн нэмэгдэж, нүүрсний салбар бусад салбаруудаасаа тэргүүлээд эхэлсэн. Энэ тохиолдолд Монгол улсын эдийн засагт 3,0 орчим тэрбум ам долларын орлого нүүрсний экспортоос орж ирэх боломжтой. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн зэсийн үйлдвэрлэлээс гадна нүүрсний үйлдвэрлэл манай улсын эдийн засгийг авч явах хандлага ажиглагдаж байна.
Монгол улсын засгийн газар 2008 оноос Тавантолгойн нүүрсний ордыг хэрхэн эргэлтэнд оруулах талаар ихээхэн анхаарч гадаадын томоохон хөрөнгө оруулагчидтай хамтарч хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. 6.4 тэрбум нүүрсний нөөцтэй Таван толгойн орд гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг зүй ёсоор татаж байна. Үүнийг дагаад манай гадаад харилцааны бодлогод шинэлэг хандлага бий болов.Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах ОХУ, Хятад, Япон, Өмнөд Солонгос, АНУ, Бразиль, Энэтхэг, Австрали, Европын холбоог төлөөлж ХБНГУ зэрэг орны төрийн болон хувийнхэвшлийн компаниуд илэрхийлсэн. Эдгээр бүх оронтой манай улс дипломат харилцаатай, худалдаа эдийн засгийн нягт харилцаатай. Эндээс дүгнэлт хийхэд Монгол улсын нүүрсний салбар, нэн ялангуяа Таван толгойн нүүрсний орд нь эдийн засгийн хувьд төдийгүй гадаад харилцааны хүрээнд зайлшгүй анхаарч үзэх чухал обьект гэдгийг нотлон харуулж байна.
2.3     Нүүрсний экспортонд нөлөөлж буйгадаад дотоод орчны шинжилгээ:
УИХ нүүрсний салбарт баримтлах төрийн бодлогын баримт бичиг болох “Монгол нүүрс” хөтөлбөрийг 2010 онд батлан гаргасан билээ. Уг хөтөлбөрт тусгаснаар түлш эрчим хүчний салбар нь үндэсний аюулгүй байдлын хүрээнд төрийн оролцоотой байх онцгой салбар хэмээн тусгасан. Хөтөлбөрийн Монгол улсын түлшний хэрэгцээг найдвартай хангах, эдийн засгийн үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологийг суурьшуулах, төр болон хувийн хэвшлийн хамтран ажиллах оновчтой нөхцлийг бүрдүүлэхийг эрхэм зорилго болгосон. Энэхүү хөтөлбөрт үндэслэн нүүрсний экспортын стратеги төлөвлөгөө гаргах шаардлага бий. Нүүрсний экспортын стратеги төлөвлөгөө хийхэд тухайн бизнесийн нөлөөлж буй гадаад, дотоод орчин нөхцөл байдал, өрсөлдөөнт орчин зэрэгт дүн шинжлгээ хийдэг аргуудыг олон улсын практикт хэрэглэдэг. Жишээлбэл СВОТ шинжилгээ, ПЕСТ шинжилгээ, ПОРТЕР-ын 5 хүчин зүйлс, 5С-н арга гэх мэт. Дээрхи аргуудаас судлаач СВОТ болон ПЕСТ-ийн шинжилгээний аргуудыг сонгож Монгол улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх асуудалд ямар дотоод, гадаад хүчин зүйлс нөлөөлж буй талаар макро орчны судалгаа хийв.


Зураг 2. СВОТ дүн шинжилгээ
Нүүрсний экспортын макро орчинд хийсэн ПЕСТ, СВОТ шинжилгээнээс үзэхэд монгол улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх асуудал нь олон салбарын зангилаа асуудал гэж ойлгогдож байна. Нэн ялангуяа гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын бодлого, худалдааны бодлого, дэд бүтэц, эрчим хүч, төмөр зам, технологийн шинэчлэл зэрэг олон асуудалтай холбон хөгжүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Монголын нүүрсний салбар нь гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн их сонирхлыг татаж буй салбар болсон байна. Иймд нүүрсний экспортыг нэмэгдүүлэх асуудлыг цогц бодлогын хүрээнд авч үзэх шаардлгатай. Товчоор хэлбэл дан ганц эдийн засгийн үр өгөөжийг харахаас гадна дотоод, гадаад улс төрийн орчин нөхцөл, техник технологийн хөгжлийн хандлага, дэлхийн хөгжлийн хандлага зэрэгтэй уялдуулж авч үзэх шаардлага байна. Судалгаанаас үзэхэд Монгол улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд гол саад болж буй зүйл нь гадаад орчны нөлөөллөөс илүүтэйгээр дотоод орчны нөлөө их байна.
ГУРАВ ДУГААР БҮЛЭГ: МОНГОЛЫН НҮҮРСНИЙ САЛБАРЫН ХӨГЖИЛД ЭДИЙН ЗАСГИЙН ДИПЛОМАТ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЧУХАЛЧЛАХ НЬ.
3.1     Нүүрсний тээвэр, ложистикийн таатай орчин бүрдүүлэх нь.
Нүүрсний экспорт нь манай улсын гадаад худалдаа төдийгүй, эдийн засгийг хөдөлгөгч гол тулгуур болж байна. Цаашдаа ч эдийн засгийг дэмжих гол механизм хэвээр байх болно. 2011 оны дүнгээр монголын нийт экспортын 46 хувийг дан ганц нүүрсний экспорт эзэлсэн ба улсын төсвийн орлогын 11 хувийг бүрдүүлжээ. Нүүрсний экспортыг Хятад руу Гашуун сухайт, Шивээ хүрэн, Ярант гэсэн 3 боомтоор дамжуулж гаргаж байна. Гэсэн хэдий ч гуравдагч хөрш орнууд руу Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан төмөр замаар экспортлох үйл ажиллагаа эхлээд байна. 2011-2012 оны эхээр Энержи Ресурс компани Ухаа худгийн угаасан коксжих нүүрсийг Чойр өртөөгөөр дамжуулж ОХУ-ын Восточный боомт хүргэж, тэндээсээ Япон, Энэтхэг зэрэг оронд нийлүүлсэн. Монголоос экспортонд гарсан нүүрсний 56 хувь нь Гашуун сухайт боомт, 42 хувь нь Шивээ хүрэн, үлдсэн хувь нь Ярант, Сүхбаатар, Замын үүд өртөөгөөр гарчээ. Ховдын хөшөөтийн уурхайгаас Ярантын боомт хүртэлхи 311 км сайжруулсан зам ашиглалтанд орсноор энэ боомтоор их хэмжээний нүүрс гарахаар байна. Монгол улсын нүүрсний экспортонд зарчмын өөрчлөлт оруулах шийдэл бол нүүрсний томоохон ордуудыг төмөр замаар хоёр хөрш орны төмөр замын сүлжээтэй холбох асуудал юм. Төмөр замын талаар баримтлах бодлогын дагуу төмөр замыг 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх энэхүү хөтөлбөрийн дагуу ойрын 10 жилийн хугацаанд 5683 км замыг барьж байгуулах юм. Энэ төсөлд нийт 17 тэрбум ам.доллар хөрөнгө оруулалт шаардагдах юм. Чингэхдээ 1 км төмөр замыг барьж байгуулахад 3 сая ам.доллар зарцуулахаар тооцжээ. Манай томоохон ордуудаас Хятадтай хил залгаа боомтуудыг төмөр замаар холбохоор төсөлд тусгасан. Монгол Улсын Засгийн газрын дунд хугацааны бондын хөтөлбөрийн хүрээнд гаргах 1.5 тэрбум ам.долларын өрийн бичгийг нь гаргаж олон улсын санхүүгийн зах дээр бондыг арилжаалсан. Энэхүү бондын зарим хэсгийг “Шинэ төмөр зам” төслийн эхний ээлжийгсанхүүжүүлж, 2 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулахыг зорьж байна.
Монгол улсын нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл бол төмөр замын дэд бүтцийг хугацаа алдахгүй барьж байгуулах асуудал юм. Гадаад зах зээл дэх нүүрсний эрэлт нь манайд маш том боломжийг бий болгохын сацуу өрсөлдөөнийг бий болгож байна. Хятадын нүүрсний зах зээлд Австрали, Индонез улсаас гадна ОХУ ойрын үед хүчтэй өрсөлдөгч болох төлөвтэй. Манай нүүрсний салбарын хөгжлийн асуудал дэд бүтцийн хөгжилтэй шууд холбоотой. Үүнтэй уялдаж төмөр замын дотоодын сүлжээг өргөтгөх, мөн төмөр замын ямар стандартын царигийг сонгох асуудал нь улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай шууд холбоотой. Тавантолгойн орд газраас шинээр баригдах төмөр замын маршрутыг өргөн царигтайгаар зүүн тийш Сайншанд хүртэл, өргөн, нарийн царигийн аль нь ч байж болох хэлбэрээр урагшаа Гашуун сухайт хүртэл гэсэн хоёр чиглэлээр нэг зэрэг яаралтай татах хувилбар нь эдийн засгийн аюулгүй байдал, геополитикийн ашиг сонирхлын үүднээс төмөр замын тээврийн салбарт хөрш орнуудын нөлөөг тэнцвэржүүлэх, түүнчлэн зах зээлийн өрсөлдөөн бий болгох талаасаа чухал юм. Гэхдээ цэвэр эдийн засгийн үр ашиг талаас нь үзвэл Таван толгойгоос урагш явсан зам нарийн царигтай байх шаардлагатай. Энэ хувилбар нь төрөөс баталсан төмөр замын бодлоготой нийцэх төдийгүй эхний ээлжинд тавигдах замаас олсон орлогоор Таван толгой-Сайншандын төмөр замыг санхүүжүүлэх хувилбар нь илүү бодит үр ашигтай байх болно. Тавантолгойгоос Сайншанд хүртэл өргөн төмөр зам тавихаар төлөвлөж байгаа тул Тавантолгой дээр ачаа шилжүүлэх төвийг байгуулж болох юм.Монголын нүүрсний хувьд Хятад болон ЗХА-ийн гуравдагч зах зээлд гаргахын тулд хоёр хөршийн боомтоор дамжуулан гуравдагч орнуудад тээвэрлэх учиртай. Энд хоёр хөрштэйгээ хоёр талаар болон олон талт хүрээнд яриа хэлэлцээ хийх асуудал зайлшгүй шаардлагатай.
Монголын нөхцөлд тохирох дэвшилтэт технологийг ашиглах нь:Монгол улс нүүрсний баталгаат нөөцөөрөө дэлхийн тэргүүлэх орнуудын тоонд багтаж байна. Иймд манай улсын эдийн засгийн хөгжилд нүүрсний олборлолт, ашиглалт хурдацтайгаар өсөн нэмэгдэж, улмаар нүүрсийг гүнзгий боловсруулан ашиглах асуудал чухал болж байна. Нүүрсийг угаах, ангилах, сортлох замаар нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл явуулах чиглэлд зарим алхам хийгдсэн. Анхных нь болох Энержи Ресурс компани нь жилд 15 сая тонн нүүрс угааж баяжуулах үйлдвэрийг 2010 онд ашиглалтанд оруулсан. Мөн СаусГоби Сэндс компани Овоот толгойн уурхайг, МАК компани нарийн Сухайтын уурхайг түшиглэн мөн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрүүд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. МАК компани Элдэвийн нүүрсний уурхайн дэргэд нүүрс, боловсруулах, нэрэх үйлдвэрийг ашиглалтанд өгсөн, мөн Хөөтийн шатдаг занарын ордыг түшиглэн метанолын давирхай гаргах судалгааны ажлыг эхлүүлээд байна. Эдгээр ажил, санаачлагууд нь манайд нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр хийгдэж буй ажил юм. Гэсэн хэдий ч энэ чиглэлд дорвитой хөрнөнгө оруулалт хийж кокс боловсруулах үйлдвэр байгуулах, улмаар кокс химийн цогцолбор байгуулах томоохон бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.
Судлаач энэхүү бүтээлдээ нүүрсийг коксжуулах технологийн талаар онцолж судалгаа хийв. Улмаар коксыг эдийн засгийн хувьд хямд төсөр зардлаар хөрөнгө оруулж манай нөхцөлд тохирсон дэвшилтэт технологийг ашиглах шийдлийн талаар санал дүгнэлт гаргахыг зорьсон. Гангийн үйлдвэрлэлд хэрэглэх металлургын кокс нь коксжих нүүрсийг шатаахад үүсдэг дэгдэмхий бодис юм. Кокс боловруулах үйлдвэр нь бүтцийн хувьд шугаман байрлалттай автомат тэжээгч, буулгагчтай батерейнуудаас бүрдсэн цогц процесс юм. Өнөө үед дэлхий нийтэд 2 төрлийн кокс боловсруулах технологийг хэрэглэж байна. Нэгдүгээрт: Дайвар бүтээгдэхүүний кокс боловсруулах үйлдвэр. Дайвар бүтээгдэхүүнболовсруулах үйлдвэр нь нүүрсийг шатаах үед бий болсон дэгдэмхий бодисыг тусгай хоолойгоор шахаж хиймийн үйлдвэрт нийлүүлэх ба тэнд бусад дайвар бүтээгдэхүүнийг боловсруулна. Дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэхүү аргыг олон жилийн хугацаанд хэрэглэж буй нэлээд түгээмэл арга юм. Нэн ялангуяа Хятадын коксын үйлдвэрүүд нь гол төлөв энэ төрлийн аргыг хэрэглэдэг. Хоёрдугаарт: Халуун хуримтлуулах аргаар боловсруулах үйлдвэр. Энэ аргаар кокс үйлдвэрлэх процесс нь шаталтын үед нүүрснээс ялгарах дэгдэмхий бодисыг коксын зууханд шатаах процесст оруулдаг. 1960-аад оноос хэрэглэх болсон энэхүү технологийг АНУ-ын Санкок компани үйлдвэрлэдэг. АНУ-ын дийлэнхи коксын үйлдвэрүүд энэ компаний технологийг ашигласан байдаг.Манай Монголын нөхцөлд коксын ямар технологи нь зохистой вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч байна. Судлаачын үзэж буйгаар юуны түрүүнд 3 асуудлыг тодруулж байж шийдвэр гаргах нь зүйтэй юм. Нэгдүгээрт: Үйлдвэр байгуулах газарт усны ямар нөөц байгаа эсэх? Хоёрдугаарт: Дайвар бүтээгдэхүүнийг худалдан авах хэрэглэгч байгаа эсэх? Гуравдугаарт: Хөрөнгө оруулалтын боломж гэсэн 3 асуултад хариулт авах учиртай. Товчоор хэлбэл усны нөөцөөс хамаарч хуурай болон нойтон аргаар кокс үйлдвэрлэх технологийн аль нэгийг нь сонгох учиртай. Коксын үйлдвэр байгуулах газарт хэрэв дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах зах зээл байгаа эсэх гэдэг асуудал гарч ирнэ. Үүнтэй уялдуулж зөвхөн коксын үйлдвэр байгуулах, эсвэл кокс-химийн цогцолбор үйлдвэр байгуулах гэсэн асуудал зүй ёсоор гарна. Энэ шийдэл нь мөн санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой. Дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүйгээр халуун аргын технологийг ашиглавал үнэ өртөг болон барьж байгуулах цаг хугацааны хувьд богино байхюм. Хэрэв дайвар бүтээгдэхүүнийг боловсруулах кокс-химийн цогцолбор үйлдвэр байгуулах тохиолдолд уг төсөлд оруулах хөрөнгө оруулалт их байх ба хугацааны хувьд доод тал нь 4-5 жилийн хугацаа шаардагдана. Энэ асуудал “Нүүрс хөтөлбөр”-т 2016-2025 онд хэргжүүлэхээр тусгагдсан байгаа. Иймд манай нөхцөлд тохирсон коксын үйлдвэрийн технологийг оновчтой сонгож богино хугацаанд барьж байгуулахнь зүйтэй гэсэн саналтай байна. Технологийн хувьд АНУ-ын Санкок, Германы Thyssen Group, Украйны Кипрококс, Хятадын Сина Стийл, Энэтхэгийн SAIL Ltd-ийн технологуудаас сонгож авч болох талтай.
3.3     Нүүрснээс байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах нь
Монгол улсад нүүрсний салбар эрчимтэй хөгжихийн сацуу байгаль орчны асуудал хурцаар тавигдаж байна. Нэн ялангуяа дэлхий нийтэд “”ногоон хөгжил”-ийн чиг хандлагыг ихээхэн дэмжих болсон энэ үед манай засгийн газраас тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж эхэлж байна. Одоогийн байдлаар Байгаль орчны багц хуулийг дагаж цөөнгүй журмуудыг баталж уул уурхайн компаниуд дагаж мөрдөж байна. Мөн энэ хүрээнд олон стандарт шинэчлэгдсэн.Олборлолт хийсний дараа байгаль орчныг яаж нөхөн сэргээх стандарт 2008 оныг хүртэл байхгүй байсан.Тийм учраас уурхайн асуудлыг орон нутгийн иргэд дэмждэггүй.Засгийн Газраас уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад хатуу шаардлага тавьж стандартыг боловсруулж байна.2008 онд алтны шороон ордуудад тулгуурласан нөхөн сэргээлтийн стандартууд гарсан. Бүх төрлийн ашигт малтмалын төрлүүдээр дэлхийн жишигт ойртуулсан стандартуудыг боловсруулах чухал бөгөөд амаргүй ажлыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яам боловсруулж байна.Шинэ стандарт гарсан тохиолдолд иргэд, энэ салбарт ажиллагсад байгаль орчны нөхөн сэргээлтийн талаар нэгдсэн ойлголттой болох юм.
3.4     Нүүрсний салбарын хөгжилд эдийн засгийн аюулгүй байдлыг чухалчлах нь.
Монгол улсын аюулгүй байдлын үзэл баримтлалд Эдийн засгийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаарх төрийн бодлогыг тодорхойлсон байдаг. Эдийн засгийн олон тулгуурт, оновчтой бүтцийг бий болгох, хөрөнгө оруулалтын тэнцвэртэй бодлого явуулах, эрчим хүч, эрдэс баялгийн болон гадаад худалдаа, интеграцийн асуудлаар оновчтой бодлого баримтлах, нэн ялангуяа төмөр замын сүлжээг байгуулахдаа Монгол Улсын үндэсний ашиг сонирхлыг эрхэмлэх тухай заасан байгаа. Мөн түүнчлэн гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтах, гадаадын төрийн өмчит компанийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтлах тухай тодорхой тусгасан. Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэхдээ үндэсний аюулгүй байдлын баталгааг хангахыг чухалчилж, түүхий эдийн хавсарга, гадаад, дотоодын улс төр, бизнесийн ашиг сонирхлын сөргөлдөөний талбар болох, байгаль орчныг доройтуулахаас сэргийлэх тухай тодорхой заасан байдаг.Монгол Улсын Их Хурал нүүрсний салбарт баримтлах төрийн бодлогын баримт бичиг болох “Монгол нүүрс” хөтөлбөрийг 2010 онд батлан гаргасан билээ. Уг хөтөлбөрт тусгаснаар түлш эрчим хүчний салбар нь үндэсний аюулгүй байдлын хүрээнд төрийн оролцоотой байх онцгой салбар хэмээн тусгасан. Хөтөлбөрийн нэгдүгээрт Монгол улсын түлшний хэрэгцээг найдвартай хангах, хоёрдугаарт эдийн засгийн үр ашигтай, хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй шинэ техник, технологийг суурьшуулах, гуравдугаарт төр болон хувийн хэвшлийн хамтран ажиллах оновчтой нөхцлийг бүрдүүлэхийг эрхэм зорилго болгосон.
3.5     Нүүрсний экспорт ба эдийн засгийн дипломат үйл ажиллагаа
Монгол улсын Үндэсний хөгжлийн цогц бодлогын баримт бичигт Монгол улс экспортын баримжаатай, хувийн хэвшилд түшиглэсэн өндөр технологи бүхий мэдлэгт суурилсан эдийн засгийг бий болгохыг зорилт болгосон.[12] Энэ зорилтод хүрэхэд дотоод нөөц бололцооноос гадна гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны үр өгөөжийг бүрэн дүүрэн ашиглах учиртай. 2011 онд УИХ-аас шинэчлэн баталсан “Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлал”[13] нь манай улсын эдийн засгийн гадаад харилцааг хөгжүүлэх талаар бодлогын суурь баримт бичиг юм. Мөн түүнчлэн, 2009 онд Монгол улсын засгийн газраас баталсан “Монгол улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийн  зорилго нь Монгол улсын гадаад харилцааны арга хэрэгслээр эдийн засгийн үр өгөөжийг дэмжихэд оршиж байгаа нь манай эдийн засгийн дипломат бодлого, чиглэлийг тодорхойлсон.
Монголын уул уурхайн ордод түшиглэж гадаадын хөрөнгө, санхүүгийн бирж дээр хөрөнгө босгох, хувьцаа худалдан авах, зарж борлуулах үйл явц мөн идэвхжиж байна. Энэ үйл явц нь манай эдийн засгийн гадаад харилцааг гадаад, дотоод орчинтой нийцүүлэн, шинэлэг өнцгөөс харж ажиллахыг шаардах болов. Жишээ нь Таван толгойн коксжих нүүрсний ордыг хөгжүүлэх төсөлд оролцох саналаа ОХУ, Хятад, АНУ, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Энэтхэг, ХБНГУ, Бразиль, Канадын төрийн болон хувийн хэвшлийн томоохон компани, үндэстэн дамнасан корпорациуд ирүүлсэн ч одоо хэр нь эцсийн тодорхой шийд хараахан гараагүй байна. Энэ асуудал нь хэдийгээр нэг стратегийн ордыг эзэмших олон улсын тендерийн асуудал мэт авч нөгөө талаас манай хоёр хөрш орон, гуравдагч хөрш орнуудын сонирхол нэг цэгт огтлолцсон, ихээхэн няхуур хандаж шийд гаргах шаардлагатай гео-эдийн засгийн шинж чанартай асуудал болжээ. Энэ нөхцөл байдал нь Монголын хувьд шинэ сорилт юм. Энд өрсөлдөөний зарчмыг урьтал болгох хэдий ч Монгол улсын дотоод, гадаад орчин нөхцөл, улс төр, эдийн засгийн бүхий л хүчин зүйлийг нарийн тооцож, тэнцвэрийг нь олсон, алсын хараатай “дипломат” шийдэл гаргах нь туйлын чухал. Манай стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтанд нийт 15 орд, мөн нөөцөнд 30 орчим орд байгаа. Таван толгойн нүүрсний орд уг жагсаалтын дөнгөж хоёрдугаарт байна. Энэ утгаараа цаашид бидэнд ийм олон сорилт давтагдах тул одооноос эдийн засгийн дипломат үйл ажлыг чухалчилж, хэлэлцээ хийх үндэсний чадавхийг дээшлүүлэх зэрэг бодит шаардлага гарч байна. Стратегийн ач холбогдолтой орд, түүхий эдийн талаар аливаа яриа хэлэлцээхийх, гаргах шийдэлд Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалын заалтууд, нэн ялангуяа эдийн засгийн аюулгүй байдлын талаарх заалтуудыг удирдамж болгох нь манай үндэсний язгуур эрх ашигт нийцэх учиртай.
Дүгнэлт:
Нүүрс нь тогтвортой хөгжлийг хангах чухал эрчим хүчний үүсвэр болжээ. Судалгаанаас дүгнэлт хийхэд дэлхий нийтэд ойрын 20 жилд нүүрснь эрэл хэрэгцээ ихтэй түүхий эд байх нь. Энэ утгаараа эрчим хүчний аюулгүй байдлын асуудал олон улсын харилцааны нэг чухал асуудал болжээ. ЭХАБ-тай уялдаж улс орнууд гадаад бодлогодоо эрчим хүчний эх үүсвэрийн асуудлыг чухалчилж, улмаар ЭЗДҮА-г тодорхой бодлого, зохицуулалттайгаар явуулж байна. Бүс нутгийн хувьд ЗХАнүүрс, ган, коксын гол хэрэглэгч мөн импортлогч бүс нутаг байх нь ойлгогдож байна. Харин улс орны хувьд Энэтхэг томоохон импортлогч, Австрали томоохон нийлүүлэгч байх хандлагатай. Орос Хятадын нүүрсний салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь цаашид ОХУ  ЗХА-ийн нүүрсний зах зээлд манай өрсөлдөгч болох магадлалтай юм.
Монгол улсын нүүрсний нөөц их байна. Засгийн Газраас нүүрсний олборлолтын хэмжээг 2025 он гэхэд жилд 75 сая тонн-д хүргэх зорилттой ажиллаж байна. Өнгөрсөн онд нүүрсний экспорт нь Монгол улсын нийт экспортын 47 хувийг эзэлсэн үзүүлэлт нь цаашид нүүрс Монгол улсын эдийн засгийн хөгжлийн гол түүхий эд байх нь. ЗХА-ийн улс орнуудын нүүрсний хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа нь манай хувьд боломж юм. Манай нүүрсний таамаг нөөц 175 тэрбум тонн байгаа нь гадаад орнуудын анхаарлыг ихээр татаж, улмаар энэ салбарт ГШХО-ын хэмжээ эрс нэмэгдэж байна. Нүүрсний ордод түшиглэж олон улсын хөрөнгийн зх зээлд хөрөнгө босгох ажиллагаа  харьцангуй идэвхжсэн байгаа ч 2012 онд УИХ-аар баталсан “Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль”-д гадаадын хөрөнгө оруулагчид ихээхэн сэтгэл дундуур байна.
Гадаад талдаа нүүрснийэрэлт өндөр, дотоод талдаа нийлүүлэх боломжтой орчин бүрдсэн байна. Гадаад орчинд гол анхаарах зүйл нь хөрш орнууд болон бусад нүүрс импортлогч орнуудын хууль эрх зүйн зохицуулалтыг сайтар ажиглаж, анализ дүгнэлт хийж байх шаардлага байна. Дотоод талдаа нүүрсний тээвэр ложистик, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах, экспортын бодлого хариуцсан бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хэлэлцээ хийх үндэсний чадавхийг сайжруулах зэрэг асуудлуудыг шат дараалан авах нь зүйтэй.
Нүүрсний хөгжлийн асуудлыг дан ганц эдийн засгийн үр өгөөж талаас нь авч үзэхээс гадна улс төр, нийгэм, эдийн засаг, экологийн зэрэг макро орчны нөлөөлийг сайтар харгалзаж байх нь хоёр том орны дунд орших эмзэг эдийн засагтай манай орны хувь чухал юм.
Санал, зөвлөмж:,
“Гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр”-ийг өнөөгийн нөхцөл байдал, гадаад орчны хувьсал өөрчлөлттэй уялдуулж шинэчлэн боловсруулж батлуулах. Чингэхдээ ач холбогдлыг нь нэмэгдүүлж хөтөлбөр бус бодлогын баримт бичиг болгох. Уг баримт бичигт эдийн засгийн дипломат үйл ажиллагааны үзэл санаа, стратеги төлөвлөгөө, бодлого, зхоицуулалт болон хэрэгжүүлэлтийн асуудлын нарийвчлан тусгаж өгөх.ГБҮБ, ГХЭЗХ, ЭЗАБ-ийн үзэл баримтлал, ҮХЦБ, “Нүүрс хөтөлбөр” зэрэг бодлогын тулгуур баримт бичгийн үзэл санаанд суурилан “Нүүрсний экспортын стратеги төлөвлөгөө”-г боловсруулж батлуулахыг санал болгож байна.
ДХБ-ын Дохагийн хөгжлийн үе шатны хэлэлцээний“Худалдаа дэмжих хэлэлцээ”-д далайд гарцгүй орны байр суурийг хамгаалж идэвхтэй оролцох. Жил бүр ДХБ-д болдог Хятад, ОХУ-ын худалдааны бодлогыг хянах үйл ажиллагаанд холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж байх. Орос, Хятад, Монголын хооронд эхлүүлсэн дамжин өнгөрөх тээврийн 3 талт хэлэлцээг сэргээж үргэлжлүүлэн хэлэлцэх. Энэ асуудлаар НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хуралд хүсэлт гаргах . Стратегийн зорилготой хэлэлцээ хийх үндэсний чадавхийг нэмэгдүүлэх, хэлэлцээнд салбарын яамдын уялдаа холбоог сайжруулах, хэлэлцээний ур чадваоыг сайжруулах шаардлагатай
Хэдийгээр засгийн газраас хүнд үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө гарч байгаа ч эдгээр санаачлага нь их хэмжээний хөрөнгө оруулалт шаардсан, 4-5 жилийн хугацаа шаардахаар байна. Иймд ган болон коксын гадаад зах зээлийн эрэлт, таатай боломжийг ашиглах үүднээс хөрөнгө оруулалт, хугацаа бага шаардсан коксжих нүүрс баяжуулах үйлдвэр, мөн кокс боловсруулах үйлдвэрүүдийг Таван толгойн ордыг түшиглүүлэн барьж байгуулах зайлшгүй шаардлага байна. Ийм төрлийн төслийг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, концессийн хэлбэрээр байгуулж болох юм.
Улам бүр даяаршиж, харилцан хамааралтай болж байгаа өнөө үед ямар ч бага улс орон усан боомт, төмөр зам, авто замуудаа аль болох холбож, уялдуулах замаар эдийн засгийн интеграцид нэгдэж байна. Энэ үндсэн дээр манай улс аль болох олон орны ашиг сонирхлыг өөрийн нутаг дэвсгэр дээр бий болгон тэнцвэржүүлэх аргаар үндэсний аюулгүй байдлаа хангах бодлого баримтлан ажилах учиртай. Иймд нүүрсний экспортыг нэмэгдүүлэхтэй холбогдсон төмөр зам болон бусад дэд бүтцийн бүтээн байгуулалтыг энэ жишгээр хөгжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байна.

[1]World Investment Report-2012.www.UNCTAD-docs.or\UNCTAD-WIR2012.Page 8.
[2]World Trade Report-2012.www.wto.org
[3]www.mofa.go.jp\announce\fm\maehara\speech110124.html
[4] “China boosts Economic Diplomacy” China Daily.com.cn . 2012.10.10
[5]А-шинж чанар, ашиглах чиглэл зэргийг бүрэн тогтоосон нөөц, В- хайгуулын ажил хийгдэж шинж чанар нь тогтоогдсоноос гадна олборлох гедрогеологийн нөхцөл нь судлагдсан нөөц, С1- өмнө нь судлагдсан нөөцтэй залгаж орших нөөц.
[6]www.worldenergy.org
[7]“Российско-китайские переговоры”. www.кremlin.ru\news
[8]“China, Russia ink agreements on energy cooperation”.www.china.org.cn\world\2012-12\05\
[9]В.Энхболд. Энэтхэг Улсын нүүрсний зах зээл. Олон Улсын харилцаа сэтгүүл 2012 №1 281 (24) 51-57
[10]“Өнөөдөр” сонин. № 042\4806\. 2013.02.22. Нүүр хуудас
[11]Ашигт малтмалын газар. 2012а
[12]Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, УИХ-ын 2008 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн 12 тоот тогтоолоор баталсан. УБ, 2008
[13] www.mfat.gov.mn