"Хөгжил: хэлбэр ба агуулга" танин мэдэхүйн цуврал.

Дашдоржийн Зоригт

Эргэцүүлэл № 1
"Тоогоор илэрхийлэгдэх хөгжил эсвэл Америк Монголоос хэд дахин илүү хөгжилтэй вэ?
"

Улс баян, хүмүүс чинээлэг байх формула:
ДНБ-ний өсөлт=Хувийн хэрэглээ+Бизнесийн хөрөнгө оруулалт+Засгийн хөрөнгө оруулалт+Худалдааны тэнцэл.

АНУ яагаад дэлхийн хамгийн баян улсын нэг вэ? Яагаад гэвэл нэг хүнд ногдох ДНБ нь 2015 онд 56,084 доллар байсан, энэ нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлтийн нэг. Япон яагаад ийм баян сайхан улс вэ? Яагаад гэвэл нэг хүнд ногдох ДНБ нь 2015 онд  32,479 доллар байсан. Яагаад Сингапурыг хөгжлийн гайхамшиг гэдэг вэ? Яагаад гэвэл 1965 онд нэг хүнд ногдох ДНБ нь 516 доллар байсан бол 2016 онд 52,888 доллар болсон. Энэ үзүүлэлт нь АНУ-аас 7 дахин бага байж байгаад одоо бараг адилхан болсон нь хүмүүсийн орлого, орон байр, улс орны өнгө зүснээс нь илэрхий. Яагаад Өмнөд Солонгосыг ядуу байснаа баян болсон гэдэг вэ? Яагаад гэвэл 1950 онд нэг хүнд ногдох ДНБ нь 800 гаруй доллар байж байгаад 2015 онд 27,222 болсон. 1950 онд Африкийн ихэнх орнуудаас ядуу байсан бол өнөөдөр дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг. Яагаад Хятад бидний нүдэн дээр хөгжөөд баяжаад байна вэ? Яагаад гэвэл 1990 онд нэг хүнд ногдох ДНБ нь 317 доллар байсан бол 2015 онд 8141 болсон.

Өнөөдөр Хятад Монголоос 2 дахин баян, Өмнөд Солонгос Монголоос 8 дахин илүү хөгжсөн, Япон бараг 10, Сингапур бараг 15 дахин гэвэл ер нь дөхөж байгаа биз?

Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ нь 2016 оны эцсээр 3686 доллар болсон. 2015 онд 3946 доллар байсан. Өсөх биш буугаад байгаа. Уг нь 2008 онд 2139 доллар байсныг 2012 онд 4368 доллар болгосон байсан. Сүүлийн 5 жилд 700 шахам доллараар буурсан. 

ДНБ гэж ярихаар жирийн иргэнд огт хамаагүй тоо юм шиг боддог хүн цөөнгүй байдаг.  Гэтэл Монголд нэг хүнд ногдох ДНБ нь бүтэн жилдээ 3686 доллар учраас дундаж цалин 600-800 мянга хавьцаа л байна. Хятадад нэг хүнд ногдох ДНБ нь 2 дахин илүү учраас цалин ч гэсэн 2 дахин илүү байдаг. Өмнөд Солонгост нэг хүнд ногдох ДНБ нь 8 дахин илүү учраас цалин ч гэсэн 5-8 дахин илүү өндөр байдаг. "Эдийн засаг өслөө л гэдэг тэр нь надад яаж наалдаад байгаа юм?" гэж ярих хүн олон байдаг. ДНБ олигтой өсөхгүй байгаа учраас цалин орлого өсөхгүй байгаа гэдэг холбоосыг бүгдээрээ олж харах хэрэгтэй байна. Нэг хүнд ногдох ДНБ-ээ ядаж 10.000 долларт хүргэж байж л цалин орлого боломжийн түвшинд хүрнэ.          

Монгол Улсыг баян, монгол хүн бүрийг чинээлэг болгоно гэвэл ДНБ-ний өсөлт нь жил тутам 8 хувиар өссөн байх учиртай. Ядаж 15 жил 8 хувиас доошгүй өсч байж ийм үр дүнд хүрнэ. Дэлхий жилдээ дунджаар 2-3 хувиар өсдөг. Биднээс өндөр хөгжилтэй орнуудыг гүйцэж түрүүлээд өнөөдрийн Өмнөд Солонгос шиг амьдарна гэвэл жилд 8 хувиар 10 доошгүй жил хөгжих хэрэгтэй.

Уянгын халил, уран цэцэн үг, эх оронч санаачилга, цэгц шударга төсөл гэх мэт бүх зүйл эцсийн дүндээ хэдэн тооны шалгуур давах ёстой.

Хөгжлийг түргэтгэх үүнээс өөр ухаантай, шинэ, гүн, эх оронч, шударга гэх мэт арга, онол, санаа байхгүй. Энэ формулагийн хувилбарууд байдаг. Жишээ нь, Дотоодын Нийт Бүтээгдэхүүн биш Үндэсний Нийт Бүтээгдэхүүн (ҮНБ). Үндэсний Нийт Орлого (ҮНО) гэж бас бий. Гэхдээ үндсэн өгөгдөхүүн нь ойролцоо бас л тоон үзүүлэлтээр илэрхийлэгддэг. НҮБ-ын Хүний хөгжлийн индекс, НҮБ-ийн Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас гаргасан Аж үйлдвэржилтийн индекс, Дэлхийн эдийн засгийн форумын өрсөлдөх чадварын индекс гээд бас олон үзүүлэлт бий. Гэхдээ тэд бол хөгжлийн үндсэн үзүүлэлт болох ДНБ-нийг баяжуулах гэсэн, аль нэг өнцгөөс нь илүү нарийн харах гэсэн арга. 

Эцсийн дүндээ аливаа ажил, санал санаачилга, хүний, компанийн, засгийн газрын, парламентийн, ерөнхийлөнчийн зүтгэл нь Хөгжлийн төлөө л юм бол ДНБ-ний, ҮНБ, ҮНО-ын тоог өсгөж байх учиртай.

Тэгэхээр ДНБ-ний өсөлтийн энэ дөрвөн үзүүлэлт монгол хүн бүрт хамаатай, хамгийн анхааралтай ажиглах ёстой үзүүлэлт. Энэ талаар хүн бүр санаа зовж, сэтгэл өвдөж, ярьж, хэлэлцдэг байх ёстой. Засаг төрийн ажлыг сайхан гоё үгээр нь биш ДБН-нийг бүрдүүлж буй дөрвөн тоогоор нь дүгнэдэг байх ёстой. Тэднийг жаахан задлаж ярья.

Нэгд, хувийн хэрэглээ гэж юу вэ? Үндсэндээ худалдаа. Хамгийн хялбараар бол дэлгүүрт хүмүүс, компаниуд бараа авахыг л бараг хэлнэ дээ. Монголд энэ үзүүлэлт өсөлтийн олигтой хүчин зүйл болж чаддаггүй яагаад гэвэл цалин орлого бага, мөнгөн орлогын өсөлт багатай байгаа. Баян улсад бол хөгжлийн хамгийн том хөдөлгүүр нь энэ байдаг. Одоо Хятад ч гэсэн хувийн хэрэглээг дэмжихэд онцгой анхаарч байна. 

Хоёрт, бизнесийн хөрөнгө оруулалт гэж юу вэ? Шинээр бизнес эхлүүлэхийн тулд байшин барих, тоног төхөөрөмж, түүхий эд, сэлбэг худалдаж авахыг хэлнэ. Тухайн жилдээ шинээр гуанз нээгдсэн, уурхай нээгдсэн ч бүгд л энэ үзүүлэлтэд ордог. Монголд өсөлтийн хамгийн гол хоёр хөдөлгүүрийн нэг нь энэ. Бизнесийн хөрөнгө оруулалт хийгдэж байж хүмүүс ажилтай болно. Цалин авна. Бизнес шинээр нээгдэх тусам ажиллах хүч хомсдож, хүмүүсийн цалин өснө. Тийм л учраас дотоод гадаадын хөрөнгө оруулалт чухал гэдэг яагаад гэвэл хамгийн жижиг гуанзнаас эхлээд уурхай хүртэл нээхэд заавал шинэ хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ ондоо үйлдвэр уурхай нээхээр оруулсан хөрөнгийг ирэх жилийн ДНБ-ний өсөлтөд оруулж тооцдоггүй. Шинэ оруулсан хөрөнгийг л тооцно. Тийм учраас жил болгон шинэ үйлдвэр, уурхай, цахилгаан станц гэх мэт том төслүүд эхэлж, хуучин төсөл нь үргэлжилж байх нь чухал. Том төсөл хөдөлж байж л ДНБ нь томоор өснө. Томоор өсч байж ажлын байр олноор бий болно. Ажлын байр олноор бий болж байж цалин хурдан өснө.  

Гуравт, засгийн хөрөнгө оруулалт, зарцуулалт гэж юу вэ? Үндсэндээ төвлөрсөн төсөв, орон нутгийн төсвөөс хийж буй хөрөнгө оруулалт. Зам, сургууль, цэцэрлэг гэх мэт. Монголд төсвийн орлого муу учраас энэ үзүүлэлт бас олигтой хөдөлгүүр болж чаддаггүй. Гаднаас бонд нэрээр баахан зээл аваад 2013-2015 онд зарцуулсан. Тэр нь эргээд төсөвтөө асар том дарамт үүсгэсэн зээл болж үлдсэн. 

Дөрөвт, гадаад худалдааны тэнцэл гэж юж вэ? Ерөөсөө л гадагшаа зарсан бараа гаднаас оруулж ирсэн барааны зөрүү. Энэ үзүүлэлт эерэг, өндөр байх тусам эдийн засаг хурдан өснө. Гэхдээ энд бас нарийн учир бий. Том төсөл эхлэхэд гадаадаас үнэтэй тоног төхөөрөмж оруулж ирэх хэрэгтэй болдог. Тэгээд ирэхэд хэсэгтээ гадаад худалдаа алдагдалтай юм шиг харагддаг. Уг нь бол харин ч өсөлтөд хийж буй хөрөнгө оруулалт. Гадаад худалдааны тэнцэл эерэг мөртлөө гаднаас тоног төхөөрөмж, сэлбэг, түүхий эдийн импорт бага орж ирж байвал маш муу. Шинэ төсөл эхлэхгүй, үйлдвэр үйлчилгээ өргөжихгүй байна гэсэн үг. Импортын хэмжээ тийм ч чухал биш харин импортын бүтцэд юу давамгайлж байгаа нь чухал. Гадагшаа их юм зарж экспортолж байж худалдааны тэнцэл сайжирна, дотогшоо мөнгөний урсгал нэмэгдэнэ.             
 
Нэг зүйлийг онцлоход: нэг хүнд ногдох ДНБ болон өрхийн мөнгөн орлого гэдэг хоёр өөр үзүүлэлт. Өнөөдөр Монгол Улсад өрхийн сарын дундаж мөнгөн орлого 900 мянган төгрөг хүрэхгүй байгаа. ДНБ-ийг орлогоор тоолдог аргачлалд цалин, аж ахуй эрхэлснээс орлого, түрээс, ногдол ашиг гэх мэт зүйлүүд ордог. Тэгэхээр цалин бол ДНБ-ний нэгэхэн л хэсэг. Гэхдээ энэ хоёр хамааралтай үзүүлэлтүүд. Цалин өсч байж ДНБ өснө, ДНБ өсч байж цалин өснө.

Энэ дөрвөн тоон дотор л хамаг хөгжлийн бодлого эргэлдэх учиртай. ДНБ-нийг тооцоолох гурван ч аргачилал байдаг. Энд хэлэх гэсэн гол санаа нь бүх юманд шинжлэх ухаанч агуулга байдаг. Өнөөдөр хэлбэрийн ард байдаг агуулгыг олж харахгүй гоё үгэнд хууртаад байна.

Монгол улс хөгжихөд Монгол толгой хэрэгтэй гэдэг. Үнэн. Бодлого тогтвортой байх ёстой. Үнэн. Дэд бүтэц хөгжих ёстой. Үнэн. Гэхдээ хамгийн гол нь энэ дөрвөө ахиулах эцсийн зорилгод төр засаг, хувийн хэвшлийн ажил чиглэх учиртай.

Энэ тоог өсгөхөд бүх зүйлээ дайчилж чадсан улсыг "хөгжлийн улс" (developmental state) гэдэг. Ард олноо, бизнесийнхнээ дарамталж дарга дарангуйлагч нар нь баяждаг улсыг "Араатан улс" (predatory state) гэж бас ангилсан байдаг. Энэ талаар дараагийн постдоо бичье.

Эргэцүүлэл № 2
"Хөгжлийн улс ба Араатан улс: Ялгаа нь юу вэ?"


Хөгжлийн улс <=> Араатан улс: Ялгаа нь юу вэ? Жишээ нь юу вэ? Япон хөгжлийн улс мөн бол Катар бас мөн үү? Хөгжлийн улсын шинж тэмдэг: 1..., 2..., 3..., 4..., 5...

Хөгжлийн улсын туйлын жишээ: Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань. Дайны дараа өвс идэж байсан улс орнууд өнөөдөр дэлхийг хүний, нийгмийн, технологийн  хөгжлөөрөө тэргүүлж байна. Нэг хүнд ногдох ДНБ нь өндөр хөгжилтэй орнуудын түвшинд 20-30-хан жилийн дотор хүрсэн. Эдгээр дөрвөн улс, эдийн засгүүд НҮБ-ын Аж үйлдвэржилтийн индекс, Дэлхийн эдийн засгийн форумын Өрсөлдөх чадварын индекс, НҮБ-ын Хүний Хөгжлийн Индексээрээ өндөр хөгжилтэй эдийн засгүүдийн тоонд багтдаг.

Баян улс байдаг. Жишээ нь Персийн булангийн Кувейт, Катар, Саудын Араб гэх мэт орнууд. Эдгээр улсын ДНБ нь өндөр ч гэлээ аж үйлдвэрийн хөгжлөөрөө, өрсөлдөх чадвараараа тэргүүлдэггүй. Зүүн Өмнөд Азийн хурдан хөгжиж буй улс байгаа. Жишээ нь Тайланд, Малайз гэх мэт. Гэхдээ тэнд ядуучуудын хувь хэмжээ нь их, нэг хүнд ногдох ДНБ нь дундаж түвшинд хүрээд зогсонги байдалд орсон, өндөр хөгжилтэй орнуудын түвшинд аль ч талаараа, (ялангуяа шинэ технологи нэвтрүүлэх чадвараараа) хүрч чадахгүй байгаа.

Тэгэхээр 20 дугаар зуунд туйлын ядуу байж байгаад барууны өндөр хөгжилтэй орнуудыг гүйцэж очсон дөрөвхөн улс нь Япон, Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань. Бусад хурдан хөгжиж буй орнууд нь заавал аль нэг үзүүлэлт нь дутуу эсвэл тодорхой түвшинд очиод гацсан бол энэ дөрөв аль ч өнцгөөс нь хэмжсэн өндөр хөгжилтэй орон болсон. Энэ бол үнэхээр гайхамшиг, хөгжлийн гайхамшиг. Сүүлийн 20-иод жилд Хятадыг бас хөгжлийн улс гэж үзэх судлаачид олон болсон. Ойрын 10-аад жилд Хятад улс бүх үзүүлэлтээрээ өндөр хөгжилтэй орнуудын жагсаалтад орж чадах эсэх нь тодорхой болно.

Энэ дөрөв бас Хятад улс яаж ийм гайхамшигтай амжилтанд хүрэв?

Хөгжлийн улсын шинж тэмдэг нь,
нэгд, Экспортын хөрөнгө оруулалтыг дэмжих аж үйлдвэржилтийн бодлоготой,
хоёрт, Бие даасан, бусад нийгмийн бүлэгтэй хамтран ажиллах чадвартай меритократ төрийн албатай, гуравт болог дөрөвт, Чанартай хүртээмжтэй боловсрол, эрүүл мэндийн тогтолцоотой, тавд, зайлшгүй байх ёстой эдийн засгийн өрсөлдөөн, бизнесийн бие даасан байдал юм.

Чалмерс Жонсон, Питер Эванс, Роберт Вэйд  гэх мэт олон судлаачид (гол төлөв эдийн засагч) хөгжлийн улс гэсэн ойлголтыг дээр дурдсан дөрвөн орны жишээг судлаж1980-аад онд нэвтрүүлсэн.

​Дараагийн постуудад хөгжлийн улсын энэ таван онцлогийн талаар арай илүү тодорхой бичнэ. Гарчгийг нь харахад ойлгомжтой юм шиг мөртлөө нарийн зүйлүүд дотор бас бий. Үүнд нэг л зүйлийг нэмж онцлох нь зүйтэй.

Хөгжлийн улс байхын тулд заавал дарангуйлагчийн хатуу гар хэрэггүй. Япон улс Дэлхийн хоёрдугаар дайны дараа ардчилсан улс болоод хамгийн хурдан хөгжсөн. Өмнөд Солонгос ардчилсан улс болоод хөгжлийн хурд нь сараагүй. Тайвань ч мөн адил. Сингапурт хэдийн сонгууль болдог ч гэсэн ардчилсан улс гэхэд хэцүү. Ер нь улс хөгжиж технологи бизнесийн өндөр түвшинд гарах тусам ард иргэд, бизнесүүд нь эрх чөлөөг нэхдэг. Эрх чөлөөтэй байж хүн сэтгэх нь ч хүртэл чөлөөтэй болж илүү ур чадвар, хурд шаардсан өрсөлдөөнд амжилт гаргадаг.

Бас нэг онцлох ёстой зүйл бол хөгжлийн улс гэхээр төр бүх юмыг өөрөө мэдээд хийнэ гэсэн үг огт биш. Хөгжлийн төлөө төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, хөгжлийн төлөө нийгмийн гэрээ. Аль нэг нь нөгөөхөө дарамтлах, эзэгнэх гэхээсээ илүү аль аль талынхаа байр суурийг сонсож чаддаг, хамтарч чаддаг байх нь асар чухал. Нэг судалгаанд дурдсанаар Японы эдийн засаг, аж үйлдвэрийн хөгжлийн яамны газрын даргын ажлын цагийн 45 хувь (!) нь хувийн хэвшлийнхэнтэй уулзаж байр суурийг нь сонсох, бусад салбарын яам, газруудтай байр сууриа нэгтгэхэд зарцуулдаг байсан байна.  

Тэгэхээр Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур бол хөгжлийн улсын туйлын жишээ. Хятад бас дөхөж байгаа. Хөгжил гэдэг дарангуйлал биш харин хөгжлийн төлөө хамтын ажиллагаа. Өөрийн гэсэн таван онцгой шинжтэй.

Араатан улсын шинж тэмдэг нь төрийн нэрийн өмнөөс дээдчүүд нь хүч хэрэглэж ард олноо хүчирхийлж, бизнесээ дарамталж шулж амьдардагт оршино. Төр нь хүчтэй мөртлөө тэр хүчээ нийтээрээ хөгжихөд биш нэг хэсэг нь дээрэм тонуул хийхэд ашигладаг. Тэнд мэргэжлийн төрийн алба ч байхгүй, боловсрол эрүүл мэндийн тогтолцоо ч байхгүй гэхэд болно. Өрсөлдөөн бас байхгүй. Хөгжих боломж огт байхгүй улс.

1970-80аад оны Африкийн хэдэн дарангуйлагчдаар удирдуулсан улсууд Араатан улсын жишээ болдог. Хүний мах иддэг гэж яригддаг байсан Иди Амины Уганда, одоо ч амьд байгаа Мугабегийн Зимбабве, Маркосын үеийн Филлипин улс.

Энэ бол хойр туйл. Нэг нь хөгжлийн туйл, нөгөө ядуурлын туйл. Энэ хоёр туйлын дунд ихэнх улс орнууд байдаг. Хэрэв хөгжлийн улсыг 100 гээд араатан улсыг 0 гэвэл бусад бүх улс орнууд энэ хоёр тооны дунд байна. Жишээ нь Энэтхэг улс мэргэжлийн төрийн албатай мөртлөө тэр нь меритократ гэхэд хэцүү, нөлөөнд автдаг, авилга хэхууль авдаг учраас бие даасан бодлого гаргаж чаддаггүй. Боловсролын тогтолцоо нь чанар сайтай, эрүүл мэндийн тогтолцоо ч сайн. Бүх нийтийн хүртээмж талаасаа хөгжлийн улсын зэрэгт хүрэхгүй. Эдийн засгийн өрсөлдөөн сул, төр нь эдийн засагт бас дэндүү өөрөө оролцох дуртай. Ийм байдлаар дүгнэхэд Энэтхэг улс бол 100-аас 50-60 хавьцаа байх болов уу.

Монгол Улс тэгвэл хаана нь байх вэ? Бид 100аас хэдэн оноо хавьцаа байх бол? Үүний тулд хөгжлийн улсын таван шинж тэмдгийн талаар нэг тус бүрээр дараа дараагийн постод бичиж Монгол Улсад тэр шинж тэмдэг нь байгаа эсэх талаар ярилцъя.

Эцэст нь дахин хэлэхэд: шинжлэх ухаанч хандлагө гэдэг бүх юманд чухал. Хөгжил гэдэг ойлголтыг зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр орлуулж болохгүй. Тодорхой жишээ, шинж тэмдэг, тоо, судалгаа ярихгүйгээр зүгээр нэг цуу яриа, хөөрцөглөсөн уран үг, барин тавин ярих хийрхэл олигтой зүйлд хүрэхгүй. Direction determines destination гэсэн англи хэллэг байдаг. Хаа хүрэх газрыг нь хаашаа явж байгаагаас нь мэдэж болно гэсэн утгатай. Хөгжлийг тоогоор илэрхийлж, Хөгжлийн улсын шинж тэмдгийг нь ангилж, зэрэг дэвийг нь тогтоосон судалгааг мэдэж ойлгож байж хаана яваа, хаашаа яваа, хэр хурдтай яваагаа ухаарна. 

Эргэцүүлэл № 3
"Хөгжлийн улсын төрийн алба vs Олз омгийн төрийн алба. Төрийн албаны "парашют" болон "лифтийг" яаж зогсоодог вэ?

"Хөгжлийн улс: хэлбэр ба агуулга" гэдэг цувралын ээлжит дугаараа шууд Хөгжлийн улсын шинж тэмдэг дугаар 2-оос нь эхэлье гэж бодлоо. Тэр нь "Бие даасан, бусад нийгмийн бүлэгтэй хамтран ажиллах чадвартай меритократ төрийн албатай" байх шинж тэмдэг юм.

Хөгжлийн улсын төрийн алба үндсэндээ дөрвөн онцлох чанартай байдаг. Нэгд, хамгийн сайн сургуулийг хамгийн сайн төгссөн залуусаас элсүүлдэг. Хоёрт, ажилласан жил, авъяас чадвар, үр дүнгээрээ албан тушаал дэвшдэг, цалин нэмдэг. Гуравт, бие даах чадвар гэдэг нь элдэв зүй бус гадны нөлөөллөөс ангид байж чаддаг. Үндсэндээ ашиг сонирхолын зөрчил, авилга хээл хахуулиас ангид байж чаддаг, байлгадаг гэсэн үг. Дөрөвт, бодлого боловсруулахдаа бизнесийн төлөөлтэй маш сайн зөвлөлдөж чаддаг, шаардлагатай нийгмийн бүлгүүдийн саналыг сонсож тусгаж чаддаг.

Энэ шинж чанаруудыг Чалмерс Жонсон, Роберт Уэйд, Алис Амсден, Питер Эванс зэрэг эдийн засагч, улстөр судлаачид Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапурын хөгжлийг судлаж онцолсон байдаг.

Нэгдүгээр онцлох шинж чанарын хувьд Өмнад Солонгос, Сингапур, Тайвань, Хятад бүгд л Японы боловсролын тогтолцоог хуулбарлан авсан байдаг. Японд хүүхэд дунд сургуулиа төгсөөд шалгалт өгдөг. Тэр шалгалтандаа хамгийн өндөр дүн авсан хүүхдүүд нь өндөр зэрэглэлийн ахлах сургуульд ордог, тэр нь хувийн ч байдаг төрийнх ч байдаг. Нэр хүнд сайтай, өндөр зэрэглэлийн ахлах сургуульд л орсон хүүхдүүд хамгийн нэр хүндтэй дээд зэрэглэлийн их сургуульд (Токиогийн Их Сургууль гэх мэт) элсэх магадлал өндөр байдаг.

Хамгийн сайн их сургууль төгссөн залуучууд гол яамдуудад ажилд орох магадлал өндөр байдаг. Жишээ, Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яаманд (ЭЗХАҮЯ) 2005 онд ажилд орсон жинхэнэ төрийн албан хаагчдын 85 (!) хувь нь Токиогийн Их Сургуулийн төгсөгчид байсан. ЭЗХАҮЯ-ыг Японы эдийн засгийн гайхамшгийг бий болгосон яам гэж үздэг. Aлдарт Ministry of Economy, Trade and Industry (METI).  Улсын эдийн засгийн бодлогын цөм нь энэ яам байдаг.

Дунд сургууль, ахлах сургуулийн шалгалтанд ямар нэгэн арын хаалга, маргаан будлиан гардаггүй, төрийн албаны шалгалт өөрөө асар их өрсөлдөөнтэй байдаг учраас энэ 85 хувь бол тухайн жилийнхээ шилдэгийн шилдэг гэдэгт эргэлзээ огт байхгүй.

Хоёрдугаар онцлох шинж чанарын хувьд төрийн албанд ажилласан жилд асар их ач холбогдол өгдөг. Заавал тодорхой заасан жил ажиллаж байгаад үе шаттайгаар албан тушаал ахидаг. Ахлах мэргэжилтэн хийж үзээгүй хүн хэзээ ч хэлтсийн дарга болохгүй, хэлтсийн дарга хийж үзээгүй хүн хэзээ ч албаны дарга хийхгүй, албаны дарга хийгээгүй хүн хэзээ ч газрын дарга хийхгүй. Дээрээс "парашютаар" эсвэл доороос "лифтээр" шууд даргын албан тушаалд очино гэж байхгүй. Жишээ нь, Хятадын Төрийн албаны хуулиар хоёр шат алгасуулан томилох шууд хуулиар хориотой. Нэг албан тушаалд наад зах нь 5 жил ажилласан байх ёстой, онцгой нөхцөлд (тэрийг нь бас тодорхой заасан байгаа, жишээ нь, алслагдсан хөдөө орон нутагт ажилладаг ч юм уу) 2.5 жилийн дараа шат ахиж болно.  40 нас гарж байж л алба газрын дарга хийнэ гэсэн үг. Нэгэнт л шат болгонд албан тушаал ахиж байгаа хүний тоо цөөрдөг учраас албан тушаал ахих болгонд үр дүн, авъяас чадварыг нь харгалзаж байж томилдог. Мэдээж хэрэг танил тал, харилцаа холбоо гээд элдэв асуудал байж л таараа гэхдээ нэгэнт л угаасаа чадвартай мэдлэгтэй хүмүүсийн дундаас аль нэг нь дэвшиж байгаа учраас алдаа мадаг бага гардаг.

Сайн мэргэжилтэн хүн албан тушаал ахихгүй байлаа ч гэсэн зэрэг ахиж цалин нэмэх боломжтой байдаг. Жишээ нь Хятадад төв засгийн газрын яаманд насаараа ажилласан хүн тэтгэвэрт гарахдаа ганцхан шат ахиж ахлах мэргэжилтэн байлаа ч гэсэн авч буй цалин нь залуувтар хэлтсийн даргаасаа их байдаг. Тийм учраас албан тушаал ахихгүй байлаа ч цалингаа ахиулах гэж хүн хичээдэг.

Цалингийн хувьд, жишээ нь, Сингапурт аль 1970-аад оны эхэн үеэс дэлхийн томоохон корпорацтай (газрын тос Шэлл компани) төрийн албаны цалинг адилтгаад эхэлсэн. Гэхдээ Японд ч, Хятад ч, Өмнөд Солонгос ч төрийн албан хаагчийн цалин тийм ч өндөр биш, хүмүүс гол төлөв тогтвортой, нэр хүндтэй учраас томоохон яамдуудад орохыг хүсдэг.

Гурав болон дөрөвдүгээр шинж тэмдэгийн хувьд Питер Эванс гэж судлаач "autonomy" болон "embededdness" гэж томъёолсон байдаг.

Autonomy (бие даасан байдал гэж орчуулж болно) гэдэг нь үндсэндээ элдэв зүй бус нөлөөнд авталгүй бодлого гаргаж, хэрэгжүүлэх явдлыг хэлдэг. Нөгөөтэйгүүр Embededdness ( нэг юмны бүрэлдэхүүн хэсэг болсон байдад) гэдэг бодлого гаргаж хэрэгжүүлэхдээ нийгмийн шаардлагатай бүлгүүдтэй зөвлөлдөж, тэдний санаа бодлыг сонсож, зүйтэй гэж үзсэн санааг нь бодлогодоо тусгах явдлыг хэлдэг.

Төрийг алба хэтэрхий автомит байгаад бие даагаад ирэхээрээ нийгмийн хэрэгцээ шаардлагыг ойлгохоо больдог. Ёстой нөгөө Араатан улсын шинжтэй болдог. Харин бодлого гаргаж байгаа салбартаа уусаад, бизнесийнхээ бүрэлдэхүүн хэсэг нь дэндүү болоод эхлэхээр ашиг сонирхлын зөрчилд хөтлөгдөөд нийт нийгмийн ашиг тусын төлөө биш тухайн бизнесийн эсвэл сонирхлын бүлэглэлийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх гээд байдаг.

Тэгэхээр хөгжлийн улсын төрийн албанд бие даах, зөвлөлдөж сонсох чанар хоюулаа байх учиртай.

Питер Эванс мэтийн зарим суудлаачдын үзэж байгаагаар энэ хоёр чанарыг бий болгодог үндсэн хүчин зүйл нь боловсрол байдаг. Жишээ нь дандаа Токиогийн Их Сургууль төгссөн хүмүүс нэг газар ажиллана гэдэг нэг талаасаа танил тал татсан бүлэглэл, муугаар ярьвал мафи мэт боловч энэ нь бол "зөв мафи" гэж эдгээр судлаачид үздэг. Боловсролоор шигшигдсэн хүмүүс нэг бүлэг болохоороо тэдний харьцааны үндэс суурь нь мэрит буюу авъяас, чадвар, амжилт байдаг. Сайн сурч сайн сургууль төгсөөд мундаг газар ажиллаж байгаа хүмүүсийн хувьд энэ бүлэгт хамрагдана гэдэг нь өөрөө зүгээр нэг дан ганц нэр төрийн асуудал ч биш цаашид ажил амьдралдаа ахиц гаргах баталгаа болдог. 

Үндсэндээ Токиогийн Их Сургуулийн төгсөгч гэдэг нь өөрөө брэндийн үнэ цэнэ гэсэн үг. Хэрэв хахууль авах, ёс зүйн алдаа гаргах юм бол брэндээ алдана, цаашид энэ бүлэгт хамрагдах эрхгүй болно, тэр утгаараа олон жил бусдаас хавьгүй илүү зовж хөдөлмөрлөж олсон сайн сайхан амьдрах боломжоо алдана гэсэн үг. Нэгэнт л энэ мэрит бүлэгт хамрагдах нь өөрөө амьдралын баталгаа, нэр төрийн хэрэг учраас буруу зүйл хийх нь илүү алдагдалтай байдаг гэж судлаачид үздэг. Брэндийн үнэ бизнес ертөнцөд байдагтай адил төрийн албанд энэ бол сургуулийн нэр хүндийн үнэ цэнэ.  

Үүнтэй харьцуулах юм бол нутаг ус, омог овгийн бүлгүүдийн харьцааны үндэс суурь зарчмын хувьд өөр байдаг гэж Питер Эванс зэрэг судлаачид үздэг. Тэдний хувьд авъяас амжилт гэхээсээ илүү төрсөн газар, цус ургийн харьцаа нь нэг нэгэнтэйгээ ижилсэх үндэс суурь болдог. Хэмжүүр нь өөр. Ийм хэмжүүрээр төрийн албанд элсүүлээд эхлэхээр нөгөө мэрит, авъяас, амжилтын хэмжүүр алдагддаг.  Сургуулийнхаа брэндийн нэр хүнд, ажлын үр дүнгээрээ амжилттай яваа бүлэг хүмүүст хамрагдах нэр хүнддээ үнэнч байхаасаа илүү отог омог, хамаатан садандаа үнэнч байдаг.

Нөгөөтэйгүүр төрийн албын бие даасан байдлыг хангахад зайлшгүй авилгалтай тэмцэх нь чухал. Сингапурын Ерөнхий сайд асан Ли Куань Ю өөрийн дотны андаа авилгал авсны төлөө шоронд явуулснаа дурьдатгалдаа бичсэн байдаг. Авилгалтай тэмцэхгүйгээр авилгал алга болохгүй.​

Бас нэг зүйл бол хөгжлийн үзэл суртал гэмээр юм уу даа. Питер Эванс бол үүнийг "sense of national project" гэж нэрлээд байгаа юм. Үндсэндээ төрийн алба нь хөгжлийн төлөө бүх зүйлийг хийж байгаа, энэ зорилгодоо үнэнч байгаа гэсэн итгэл үнэмшлийг олон нийтэд төрүүлж чаддаг, олон нийт нь өөрөө хөгжлийн төлөө гэсэн нэг зорилгод хөтлөгддөг байдал нь маш чухал "disciplining" буюу хяналтын механизм болдог. Хөгжилд сөрөг зүйлд соргог байдаг, хөгжилд харшил зүйлийг нийтээрээ жигшдэг ч гэмээр юм уу даа.

Төрийн албыг зөвлөлдөж, сонсдог болгодог хамгийн чухал хэрэгсэл бол бизнесийн танхимууд байдаг. Японы Кэйданрэн бол дэлхийд хамгийн алдартай бизнесийн танхим. Энэ байгууллагын дарга, орлогч нар нь Японы хамгийн том Тоёота, Мицуи, Мицубиши, Сумитомо зэрэг компанийн төлөөллүүд байдаг. Аливаа том шийдвээрээ яамдууд энэ байгууллагатай зөвлөлддөг, Кэйданрэн ч өөрөө олон зүйлийг санаачилж төрдөө санал болгодог. Төрийн байгуудлагууд жижиг дунд бизнесүүдийг төлөөлсөн холбоо, салбаруудыг төлөөлсөн холбоо, хөдөө аж ахуйн бизнесүүдийн холбоо, хоршоодын холбоо, үйлдвэрчний эвлэлүүд гээд төрийн бус байгууллагуудтай маш ойр дотно ажилладаг.

Японы нэг судлаачийн хийсэн судалгаанд яамны газрын даргын ажлын цагийн 45 хувь элдэв бизнесийн холбоо, байгууллагуудтай уулзаж байр суурийг сонсож, зохицуулалт хийхэд зарцуулагддаг гэж бичсэн байсан.

21-р зууны "bit-driven development" буюу мэдээлэл, шинэ санаанд суурилсан хөгжлийн эринд төр нь улам нээлттэй, дан ганц бизнесийн элиттэй бус нийгмийн бүх хэсэг бүлэгтэй зөвлөлдөх, санал бодлыг нь сонсох арга хэлбэрээ олох нь чухал гэж Питер Эванс сүүлийн нэг судалгаандаа онцолсон байдаг.

Эцэст нь судлаачид хөгжлийн улсын нэг шинж тэмдгийг заавал онцолдог. Тэр нь "centers of excellence" буюу жишиг болсон авъяас чадварын төвлөрөл. Төрийн албыг нийтэд нь жигд онц сайн болгоход хэцүү. Бүх ахлах сургуулийг бүгдийг нь жишиг болгоод тэнд сурч байгаа бүх хүүхдийг онц сур гэвэл дэндүү их мөрөөдсөн болно. Японд жишээ нь ахлах сургуульд сурч байгаа хүүхдүүдийн 20-30 хувь нь л нэр хүндтэй өндөр зэрэглэлийн их сургуульд орох гэж шалгалтандаа бэлддэг. Тэр хүүхдүүддээ тусгай сургалтын орчин бий болгож, зориуд дунд сургууль төгссөн шалгалтаа сайн өгсөн хүүхдүүдийг нэг дор бөөгнөрүүлдэг. Тэрэнтэй адилхан төрийн эдийн засгийн бодлогын цөм болсон цөөн хэдэн газар нь "centers of excellence" болдог. Японд жишээ нь ЭЗХАҮЯ, Сангийн яам, Гадаад яам, Төв Банк, хуучнаар Боловсрол, шинжлэх ухаан, технологийн яам бол хамгийн нэр хүндтэй, хамгийн чадвар сайтай яамдууд гэж тооцогддог. Хятадад мөн адил Хөгжил шинэчлэлийн хороо (үндсэндээ Хятадын METI), Төв банк, Худалдааны яам, Гадаад яам, Сангийн яам гэх мэт газрууд нэр хүндтэй байдаг.

Хөгжлийн улсын төрийн албаны бусад онцлог чанар бас бий. Шийдвэрүүдээ үндсэндээ бүх газруудын консенсусаар зөвшилцөж гаргадаг, аль нэг тал эсэргүүцэх юм бол асуудлыг хойшлуулдаг. Аливаа шийдвэрийн төлөө хариуцлага хүлээх хүн маш тодорхой байдаг. Нэг албанд 3-5 жилээс илүү ажиллуулдаггүй заавал сэлгэдэг. Хятадад бол яамны газрын дарга болох хүн заавал орон нутагт ажилласан туршлагатай байх ёстой байдаг. Гэх мэт онцлог чанар байдаг.

Тэгэхээр Монголд ийм төрийн алба байгаа юу? Байсан. Байсан учраас 1990 -ээд оны эхэн үеийг харьцангүй зөөлөн давсан. Сүүлийн 10 гаруй жилд төрийн албаны мэргэшсэн байдал маш ихээр алдагдаж байна. Улстөрийн намууд алдагдуулж байна.

Одоо хамгийн түрүүнд бидний хийж чадах ажил бол мэргэшсэн төрийн албаа сэргээх. Яагаад гэвэл бидэнд тийм туршлага байсан. Хэлэхэд амар боловч хийхэд хэцүү. Гэхдээ хамгийн ойр харагдаж байгаа боломжит ажил бол энэ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулагаа УИХ-ын ирэх чуулганаар батлаад хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй.

Эргэцүүлэл № 4
"Хөгжлийн улсын экспортын бодлого: бодлого гэж учиргүй урт цаасыг хэлэх үү? Эсвэл нийгмээрээ хүлээн зөвшөөрсөн тохиролцоог хэлэх үү”
  

  
Хөгжлийн улсын экспортын бодлого гэж юуг хэлдэг? Ер нь юуг бодлого гэх үү, юуг зүгээр хоосон яриа, цаас гэх үү?
Яагаад заавал экспорт чухал юм бэ?
Хөгжлийн тухай цувралынхаа хамгийн эхэнд яагаад экспорт чухал талаар ярьсан. Нэг хүнд ногдох ДНБ (дотоодын нийт бүтээгдэхүүн) өндөр байж улс хөгжилтэй байна. ДНБ өндөр байх дөрвөн үндсэн хүчин зүйлийн нэг нь экспорт.
Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур, одоогийн Хятадыг харахад эдгээр улсын хөгжлийн хамгийн том хөдөлгүүр нь экспортын огцом өсөлт байсан. Японы нийт экспорт 1960 онд 4.1 тэрбум доллар байсан (2015 оны Монгол Улсын экспорт 4.6 тэрбум байсан, энэ хоёр номинал тоог харьцуулаагүй ч тодорхой ойлголт авч болно) бол 1990 онд 286.9 тэрбум болтлоо бараг 70 дахин өссөн. 1960-70аад онд жилдээ 17-21% экспорт нь өсч байсан. Хятад улс 1980 онд 8.7 тэрбум долларын экспорт гаргадаг байсан бол 2015 онд 2.7 триллион (!) долларын экспорт хийсэн. 35 жилийн дотор энэ улсын экспорт номинал үнээрээ 310 (!) дахин өссөн байна. Өмнөд Солонгосын экспорт 1963 онд 87 (!) сая доллар байсан бол 2009 онд 363.5 тэрбум болсон. Экспорт нь ДНБ-ний 7 хувь байдаг байсан бол 47 хувь болтлоо өссөн. Нэг хүнд ногдох Үндэсний Нийт Бүтээгдэхүүн нь 100 доллараас 17 мянга гарсан.
Эдгээр улс яаж экспортоо ийм хурдтай өсгөсөн бэ? Экспортыг дэмжих хөрөнгө оруулалтын маш тодорхой бодлоготой байсан.
Эхлээд бодлого гэж юуг хэлээд байгаа талаар маш товчхон хэдэн үг хэлье. Бодлого гэхээр 30 жилийн бодлого гаргаад бараг тэрний дагуу нарийвчилсан төлөвлөгөө хийгээд, тэрийг нь аль ч засаг байсан хэрэгжүүлэх ёстой гэж манай улстөрчид ялангуяа ярих дуртай. Төлөвлөлтийг харьцангүй сайн хийж сурсан байсан аль социализмын үед хүртэл 5-хан жилийн л төлөвлөгөө хийдэг байсан. 30 байтугай 10 жилийн төлөвлөгөө байгаагүй. Тэрнээс цааш бол зүгээр төсөөлөл байсан. Өнөөдөр төлөвлөгөөг зах зээлтэй жинхэнэ утгаар нь хослуулж байгаа Хятад ч гэсэн 5 жилээр л төлөвлөдөг. Өнөөдөр харьцангүй барьцтай, нүдэнд харагдаж, гаранд баригдах хувийн бизнесийг хүртэл 3-5 жилээр төлөвлөдөг болохоос хэн ч 10, 20, 30 жилийн төлөвлөгөө хийж цагаа бардаггүй. Судалгаа бол хийнэ, төсөөлөл гаргана, замын зураг зурна харин улс орныг бүтнээр нь хөгжүүлэх төлөвлөгөө батлаад байдаггүй.
Тэгэхээр бодлого гэдэг бол урт хугацааны төсөөлөл боловч бас заавал 3-5 жилийн дотор хүрэх маш тодорхой цэгийг хэлнэ. Тэр цэгтээ хүрэх арга замыг заавал заасан байна. Тэр цэгтээ хүрсэн эсэхээ тооцоолох хэмжүүр, зам зуур хүрэх ёстой дундын цэг бас байх ёстой. Энэ зорилгодоо хүрэхэд шаардлагатай хөрөнгө, тэр хөрөнгөө дайчлах арга зам. Энэ бодлогоо хэн ямар үүрэгтэйгээр хэрэгжүүлэх гээд олон зүйлийг маш тодорхой заах ёстой. Бас тэгээд зам зуураа шаардлагатай үед энэ төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж чаддаг байх ёстой.
Дээр дурдсан хөгжлийн улсуудад экспортын бодлого нь яаж хэрэгжсэн бэ?
Эдгээр улсуудад экспортыг хөгжүүлэх тодорхой үе шат ажиглагддаг. Япон улс анх оёмол барааг их экспортолдог (1960 онд нийт экспортын 30%) байсан бол 1960-70 онд төмөр ган ихээр (нийт экспортын 15%) экспортолдог болж 1970-90 онд машин экспортолдог (нийт экспортын 18%) болсон. 1990-ээд онд машин тоног төхөөрөмж ихээр экспортолдог болсон. Дээр дурдсан бүх улс үндсэндээ яг энэ замаар өөрийн экспортоо хөгжүүлсэн. Хямдхан, нарийн технологи шаардахгүй бүтээндэхүүн гаргаж, хуримтлал үүсгэж байгаад шат ахиж байсан.
Улс энэ бодлогыг бизнестэйгээ хамт гаргалцаж, асар идэвхитэй ажиллаж байсан.
Юуны өмнө экспортыг дэмжих нь хамгийн чухал гэдгийг төрийн түвшинд зарлаж төрийг бүхлээр нь энэ чиглэлд ажиллуулж байсан. Дараа нь потенциалтай гэж үзсэн салбаруудаа маш тодорхой зааж өгч байсан. Тэр заасан салбарууддаа хөнгөлттэй зээл өгч байсан. Экспортын боломжтой гэж үзсэн цөөн тооны салбартаа зээл хөрөнгөө төвлөрүүлж өгдөг байсан. Үүний тулд Хөгжлийн банкууд байгуулж байсан. Зээл тусламж авсан компаниудаа маш хатуу хараа хяналтандаа байлгаж экспортын тов тодорхой зорилт тавьдаг байсан. Хэрэв экспортын хэмжээ нь заасан хугацаандаа заасан хэмжээндээ хүрэхгүй бол зээлээ торгуультай нь буцаж татан авдаг байсан. Өмнөд Солонгост зарим томоохон компаниуд үүнээс болоод дампуурсан түүх хүртэл бий.
Экспортын зах зээлийг нь нээж өгөхөд маш их анхаарч байсан. Ялангуяа АНУ, Европын өнөдөр хөгжилтэй орнуудын зах зээл рүү нэвтрэх элдэв чөлөөт худалдааны хэлэлцээр, хөнгөлөлтийн төлөө маш шуурхай ажилладаг байсан.
Бас нэг онцлог нь экспортын боломжтой салбаруудад томоохон 2-3 компани өрсөлдүүлдэг байсан. Японы Мицуи, Мицубиши, Сумитомо, Өмнөд Солонгосын Хьюндай, Самсунг, Эл-Жи зэрэг аврага том компаниуд бол экспортын бодлогын гол хөдөлгүүр байсан одоо ч байгаа. Японы кэйрэцу, Солонгосын чаэбол гэх эдгээр компаниудыг дагаж жижиг дунд хөгжсөн. Тэдэнд нийлүүлэлт хийж байж жижиг дунд үйлдвэр үйлчилгээ нь том бизнесийн ашгаас хуваалцдаг.
Үндэсний томоохон компаниудын зэрэгцээ ялангуяа Сингапур, Тайвань, Хятад гурав экспортыг дэмжих гадны хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарал хандуулсан. Хятадад анх 5 тусгай эдийн засгийн бүс байгуулж байсан бол сүүлдээ элдэв.төрлийн тусгай бүсүүдийн тоо бараг 100 давсан. Эдгээрт үндсэндээ дотоодын хуулийн элдэв хязгааралалтвыг авч, гадны хөрөнгө оруулалтыг чөлөөтэй орж гарах нөхцөлөөр хангансан. Үндсэндээ дотооддоо хөрөнгө бараа чөлөөтэй орж гарах оффшор бүс байгуулсан.
Өмнөх цувралд дурьдсан ч гэсэн энд заавал хэлэх ёстой нэг зүйл нь экспортын бодлого тогтвортой хэрэгжиж байсан нь нэг цаас батлаад тэрийгээ ухаангүй дагаад мөрдөөд байсандаа биш харин тэрийг боловсруулдаг, хэрэгжүүлдэг төрийн алба нь маш тогтвортой байсандаа. Японд бол Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яам, Хятадад Үндэсний хөгжил шинэчлэлийн хороо гэх мэт хөгжлийн супер-яам эдгээр улсуудад заавал байсан. Төрийн алба тогтвортой, тодорхой салбар хариуцсан мэргэжилтэн нь маш удаан хугацаанд тогтвортой ажилласандаа бодлого нь тогтвортой байсан.
Өөр нэг онцлох ёстой зүйл бол эдгээр бүх улсуудад хөгжлийн яг эгзэгтэй мөчид нь асар мэдрэмжтэй, алсын хараатай, төрийн албатай ажиллаж чаддаг удирдагч байж таарсан. Японд бол 1964 хүртэл Ерөнхий сайд байсан Икэда, Хятадад Дэнь Сяо Пин, Сингапурт Ли Куань Ю, Өмнөд Солонгост Пак Чунг Хи гэсэн удирдагчдын үед хөгжил хурдаа авсан байдаг.
Эдгээрийн хажуугаар мөнгөний ханшаа өрсөлдөх чадвартай байлгах (үндсэндээ экспортоо дэмжихийн тулд сул байлгана гэсэн үг), технологи шилжүүлэх шаардлагыг гадаад хөрөнгө оруулагч нарт тавих, экспортын маркетинг хийхэд туслах гэх мэт олон зүйл дээр төр анхаарч ажиллаж байсан.
Монголд экспортын бодлого байгаа юу? Манайх шиг салбар болгоноос 888 компани цуглуулаад мөнгөө огт араа хяналтгүй эргэх холбоогүй, тодорхой экспортын зорилтгүйгээр тараах юм бол экспорт хөгжихгүй. Экспорт хийдэг дотоодын компаниудаа томруулах биш жижигрүүлэх бодлого баримтлах юм бол экспорт нэмэгдэхгүй. Экспорт нэмэгдүүлдэг, шинэ технологи нэвтрүүлдэг гадаадын хөрөнгө оруулалтыг үргээгээд байвал экспорт хөгжихгүй. Бодлого нэртэй цаасыг сонгогдсон УИХ болгоноор баталдаг мөртлөө түүнийг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих төрийн албаа 4 жил болгон солиод байвал экспорт нэмэгдэхгүй. Бодлогоо зангидах ёстой Хөгжлийн яамаа хоёр жил тутам татан буулгаад байвал экспорт нэмэгдэхгүй. Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг юм чинь хөгжлийн асар том зэвсэг гэдгээ ойлгож томоохон бүх түншүүдтэйгээ төрийн бүх шатанд хөөцөлддөг болохгүй бол экспорт хөгжихгүй.Эцэст нь улстөрчид өөрсдөө энэ бодлогоо ойлгож итгэл үнэмшилтэй болохгүй бол экспорт өсөхгүй.
Ингээд харахаар бидний зөв хийж байгаа юм цөөхөн ч юм шиг. Гэхдээ 2000 онд 400 сая гаруухан байсан экспортыг 2012 онд 10 дахин өсгөж 4 тэрбум болгож болсон. Түүхий эдийн үнийн өсөлт ч нөлөөлсөн, экспортыг дэмжих бодлого ч бас байсан. Түүнээс хойш шинэ нэр төрөл, экспортлогч олигтой нэмэгдсэнгүй нөгөө л хэдэн компани хэвээрээ байсаар л байна.
Уг нь бол нэмэгдэх салбар, хийх ажил нь маш ойлгомжтой: ноолуур, ноос, арьс ширээ боловсруулалтын шатаа ахиулах, гадаадаас ирж байгаа жуулчдын тоог нэмэх, мах, газар тариалангийн бүтээгдэхүүнээ гаргаж эхлэх, уул уурхайн салбарт хамгийн ихээр нийлүүлж буй бараагаа дотооддоо үйлдвэрлэдэг болж импортоо орлуулах (жишээ нь цахилгаан), монгол соёл урлагийн экспортыг ялангуяа Орос Хятад руу дэмжих, ургамал, амьтан малын түүхий эдэд суурилсан уламжлалт монгол эм тангийн экспортыг дэмжих, гэх мэт. Уул уурхай, эрдэс баялгийн салбарын хувьд үндсэндээ хууль эрхзүйн орчин нь цэгцрээд, аргаа олж байгаа боловч дэд бүтцээ шийдэх цаг нь тулсан. Энэ ажлын дараа экспортын шинэ салбаруудаа хайж эхлэх хэрэгтэй. Гэхдээ хүний толгойд оромгүй хачирхалтай юм сэдэхээсээ өмнө уг нь урдаа байгаа энэ хэдэн хялбархан ажлаа хиймээр байгаа юм. Төр ажлаа хийж эхлэмээр байна.
  

Эргэцүүлэл № 5
"Хөгжлийн улсын боловсролын тогтолцоо: бага наснаас нь эхэлсэн “боловсролын меритокраси” гэж юу вэ? Хөгжлийн улс ба PISA. Хатуужил, хүмүүүжил, хичээл зүтгэл, багаар ажиллах чанар ба сургууль" 
  

  
Хөгжлийн улсын таван шинж чанарын хоёр нь нийтэд хүртээмжтэй, чанартай боловсролын тогтолцоо болон эрүүл мэндийн тогтолцоо байдаг. Боловсролын тогтолцоо нь хөгжлийн улсад хэд хэдэн амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Нэгд, жигд сайн мэдлэг нийтэд нь олгодог. Энэ нь эдийн засгийн өсөлтөд мэдээж хэрэг асар их ач холбогдолтой. Хоёрт, хичээл зүтгэл, хатуужил, багаараа ажиллах чанар нь амжилтын эх үүсвэр гэдгийг хүүхдүүдэд хар багаас нь яс маханд нь шингэтэл ойлгуулдаг. Гуравт, амжилтанд хүрэх ганц шалгуур нь гарал үүсэл, хөрөнгө мөнгө, “ар” “өврийн” хаалга гэхээсээ илүү \аль ч нийгэмд ийм юм байдаг ч асуудал хэр хэмжээндээ л байдаг\ боловсролын мерит байдаг учраас боловсролын энэхүү тогтолцоо нь нийгмийн шударга ёсыг хангагч асар чухал механизм болдог. Үндсэндээ энэ нийгэм бол “боловсролын меритокраси” 
Миний бодлоор хөгжлийн улсын хамгийн чухал “нууц” нь энэ л байдаг. Бусад бүх хүчин зүйл үүнээс үр дагавартай.
Нэгд дурьдсан жигд сайн мэдлэгийн хувьд 2016 онд 72 улсын 540.000 сурагч PISA-гийн шалгалтыг өгөхөд математикийн шалгалтын дүнгээр Сингапурын сурагчид 1-д орж, Гонгконг, Макао, Тайвань, Япон, Хятад, Өмнөд Солонгосын сурагчид араас нь орсон бол байгалийн шинжлэх ухааны шалгалтанд Сингапур улсын сурагчид бас л 1-д орж, Япон, Хятад, Өмнөд Солонгос, Тайваний сурагчид эхний аравт оржээ. Энэ бол хувийн амжилт биш улсын хэмжээний дүн. Нийтийн боловсролын түвшинг илтгэж байгаа үзүүлэлт. PISA (Programme for International Student Assessment) гэж OECD (Organization for Economic Cooperation and Development)-аас зохин байгуулдаг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэгийн түвшин тогтоогч шалгалт байдаг. 
Хоёрт дурдсан мэрийлт, зүтгэл, багаар ажиллах зарчмын хувьд хувийн хэдэн ажиглалтаасаа хуваалцъя. Японд хичээлийн жилийн эхээр ангийн багш ангийн бүх хүүхдүүдийн эцэг эхтэй гэрт нь очиж уулздаг. Хичээлийн улирлын эхэнд болон эцэст шалгалтын дүн гарч тухайн хүүхэд сургуульдаа болон хотын хэмжээнд хэдэн хувьд нь явж байгаагаа мэдэж болдог. Манай ЕЭШ-тэй адилхан шалгалтыг нэгдсэн журмаар бүх хүүхдүүдээс хотын хэмжээнд авдаг учраас багшийн “хайртай” “хайргүй” сургагч гэж ялгахгүйгээр, “арын” эсвэл “өврийн” хаалга гэхгүйгээр тухайн хүүхдийн түвшинг бодитоор тогтоож болдог. Ер нь хараад байхад хамгийн гол нь хүүхдийн өөрийн чармайлтыг л маш их чухалчилсан, хүүхэд анхнаасаа өөрийнх нь амжилт, сургалтын түвшин нь мэрийлтээс нь шалтгаална гэдгийг ухааруулсан тогтолцоо мэт санагдсан. Тэрнээс биш суут ухаантнуудыг төрүүлэх гээд сайн хүүхдүүдтэйгээ улам их хичээллээд олимпиаданд бэлдээд байдаг тогтолцоо огт биш бололтой.
Дунд сургуулийн хүүхдүүдийг хараад байхад бараг хүүхэд болгон аль нэгэн дугуйланд явдаг. Сургууль болгонд үлээвэр хөгжмийн, сагсны, гар бөмбөгийн, бейсболын, хөл бөмбөгийн дугуйлан байдаг. Тэр дугуйланд нь заавал биеийн тамирын гэлтгүй бусад багш нар нь бас заадаг. Жишээ нь манай охины гар бөмбөгийн дасгалжуулагч нь англи хэлний багш нь байсан. Дунд сургуулийн нэгдүгээр ангийн хүүхдүүд нь эхлээд тоглохоосоо илүү хоёр, гуравдугаар ангийн хүүхдүүдийн бөмбөгний хойноос нь гүйх, ус алчуурыг нь зөөх, тоглолтын үеэр уриа лозунгаар дэмжих ёстой байдаг. Бэлтгэлийг ихэнхдээ багш гэхээсээ багийн ахлагч удирдаж хийлгүүлдэг бөгөөд ийм ахлагч нартаа сургууль дээр ч гэсэн байнгын хүндэтгэл үзүүлдэг. Бэлтгэлдээ маш их цаг зарцуулдаг. Эхний үед болон тэмцээнүүдийн үеэр өглөө 8.30-д хичээл эхлэхээс өмнө нэг цаг шахам бэлтгэл хийчээд үдээс хойш хичээлийн дараа орой 7 цаг өнгөртөл дахиж бэлтгэл хийдэг. Хүүхдүүд оройдоо 8 цаг хавьцаа эцэг эхчүүдтэйгээ хамт л маш ядарсан хүмүүс гэртээ ирээд хоол идээд гэрийн даалгавар 1 цаг шахам хийгээд л унтдаг. Хагас сайнд бүтэн өдөр бэлтгэлтэй, бүтэн сайнд өөр сургуулиудтай тоглолттой байдаг. Энгэж бэлтгэл хийсэн хүүхдүүдийн тоглолтыг харахад үнэхээр мэргэжлийн гэмээр түвшинд тоглодог. Хараад байхад хэзээ амарч, хэзээ телевиз үздэг юм бол гэж гайхмаар. Биеийн тамирын биш ердийн улсын сургууль шүү дээ. 
Яг л энэ дугуйлангаар дамжиж хатуужил, хүмүүжил, багаар тоглох зарчмыг яс маханд нь шингэтэл заадаг мэт санагдсан. Гадуур өдөр сэлгүүцэж яваа хүүхдүүд ерөөсөө харагдахгүй. Эцсийн эцэст хүүхдүүдэд дэмий өнгөрөөх чөлөөт цаг гэж байхгүй, багаас нь л цаганд баригдсан ажилтай хүмүүсийн амьдралд нь дасгадаг бололтой. Дунд сургуулийн 3-р анги буюу төгсөх жилдээ ихэнх хүүхдүүд дугуйлангаасаа гараад ахлах сургуулийн элсэлтийн шалгалтандаа бэлддэг.
Үргэлжлэл бий..
"Хөгжил: хэлбэр ба агуулга" танин мэдэхүйн цуврал. 
Эргэцүүлэл No 5 "Хөгжлийн улсын боловсролын тогтолцоо: бага наснаас нь эхэлсэн “боловсролын меритокраси” гэж юу вэ? Хөгжлийн улс ба PISA. Хатуужил, хүмүүүжил, хичээл зүтгэл, багаар ажиллах чанар ба сургууль" 1-р хэсэг
Өмнөх нийтлэлийн үргэлжлэл...
"Хөгжил: хэлбэр ба агуулга" танин мэдэхүйн цуврал. 
Эргэцүүлэл No 5 "Хөгжлийн улсын боловсролын тогтолцоо: бага наснаас нь эхэлсэн “боловсролын меритокраси” гэж юу вэ? Хөгжлийн улс ба PISA. Хатуужил, хүмүүүжил, хичээл зүтгэл, багаар ажиллах чанар ба сургууль"
Гуравт дурьдсан “боловсролын меритокраси”-гийн хувьд 12 эсвэл 15 наснаас нь хүүхдүүдийг мэдлэг зүтгэлээр нь ангилж эхэлдэг. Хүүхдийн амьдрал үндсэндээ ахлах сургуульд эсвэл 6 жилийн сургалттай “escalator school”-д элсэх шалгалтын дүнгээр тодорхойлогддог учраас амжилтанд хүрэх сонирхолтой хүүхдүүд, тэдний эцэг эхчүүд нь боловсролд маш их ач холбогдол өгдөг. Япон хэлэнд juken jigoku гэж “шалгалтын там” гэсэн хэллэг байдаг. Нэр хүндтэй их сургууль, үүнээс өмнө рейтинг сайтай дунд эсвэл ахлах сургуульд элсэх гэсэн хүүхдүүд ийм “шалгалтын там” дундуур гардаг. Ийм хүүхдүүд шалгалтандаа бэлдэж өдөр бүр шөнө дөл хүртэл, хагас бүтэн сайнгүй хичээл хийдэг. Мэдээж их сургуульд элсэх шалгалт, ажилд орох шалгалт гэх мэт олон даваа цаашид байдаг ч хамгийн анхны бөгөөд хүнд нь ахлах сургууль эсвэл “escalator school”-д элсэх нь байдаг.
Японд нийт ахлах сургууль төгсөгчдийн 75 орчим хувь нь их дээд сургуульд элсдэг ч гэсэн топ рейтингтэй цөөн сургуульд орохоор 20-30 хувь нь л өрсөлддөг. Нэр хүндтэй их сургууль төгссөн хүүхдүүд цаашид том компани, төвийн яам тамгын газар, орон нутгийн удирдах албанд ажиллаж, амжилт гаргах магадлал нь өндөр байдаг. Нэг жишээ дурьдахад Токиогийн Их сургуулийн 11 төгсөгч Нобелийн шагнал хүртэж, 18 нь Японы Ерөнхий сайд болсон байдаг. Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн яаманд (ЭЗХАҮЯ) 2005 онд ажилд орсон жинхэнэ төрийн албан хаагчдийн 85 (!) хувь нь Токиогийн Их Сургуулийн төгсөгчид байсан талаар өмнө дурьдаж байсан. 
Үндэсний хэмжээний 7 их сургууль \Токио, Киото, Тохоку, Кюшү, Хоккайдо, Осака, Нагоягийн Их Сургуулиуд\ нь хамгийн нэр хүндтэй байдаг. Эдгээр сургуулиуд анх эзэн хааны зарлигаар Эзэн хааны их сургууль нэртэйгээр байгуулагдаж байсан. Улсын санхүүжилттэй эдгээр 7 их сургуулиас гадна Васеда, Кейо Их Сургууль зэрэг хэд хэдэн хувийн сургуулиуд өндөр зэрэглэлтэй байдаг. 
Японы нэг онцлог нь оюутнууд их дээд сургуулиа төгсөхөөс жилийн өмнө ажил хайж эхэлдэг бөгөөд сургуулиа төгсөхөөс хэдэн сарын өмнө ажлын байртай болсон байдаг. 2017 онд нийт төгсөгчдийн 97.6 хувь нь ажлын байртай болсон байна. Сургуулиа төгсөхдөө ажлын байрны урилгагүй үлдсэн оюутнууд \2017 онд ийм төгсөгч 9900 байсан\ дахиж нэг жил сурах гэх мэт арга хэрэглэдэг боловч хойтон жил төгссөн оюутнуудтай ажлын байрны төлөө өрсөлдөхөд хүндрэлтэй болдог. Нэр хүнд сайтай их сургуулийн оюутнуудын хувьд ажлын байр харьцангүй баталгаатай байдаг. 
Нэр хүнд сайтай их сургуульд элсэхийн тулд сайн ахлах сургууль төгссөн байх нь бараг зайлшгүй шаардлагатай байдаг. Жил тутам ахлах сургуулиудын рейтинг гардаг бөгөөд тухайн ахлах сургуулийг төгсөгчдөөс улсын хэмжээний томоохон их сургуулиудад хэдэн хүүхэд элсэж чадсан гэдэг нь хамгийн чухал үзүүлэлт болдог.
Рейтинг сайтай ахлах сургуульд элсэхийн тулд 15 настай хүүхдүүд дунд сургуулиа төгсөөд тухайн сургуульдаа элсэлтийн шалгалт өгдөг. Ихэнх мужид улсын бүх ахлах сургуулиуд нэг өдөр адил цагт яг адилхан шалгалт авдаг учраас хүүхэд болгон нэг л сургуульд шалгалт өгөх боломжтой байдаг. Хүүхэд өөрөө аль сургуульд шалгалт өгөхөө сонгодог. Шалгалтаа өгөөд улаан шугамын доор орох юм бол хувийн ахлах сургуульд мөнгө төлж сурах ёстой болдог. Тийм учраас хүүхдүүд нэр хүндтэй сургуульд орно гэхээсээ илүү өөрийн мэдлэг, дүнгийн түвшинд тохирсон сургуульдаа л шалгалт өгдөг. Цөөхөн хамгийн сайн сурлагатай хүүхдүүд л цөөн тооны рейтинг өндөртэй ахлах сургуулиудад элсэх шалгалт өгдөг. Зарим ахлах сургуулиуд бүр улсын хэмжээнд сайн сурлагатай хүүхдүүдийг шалгаж элсүүлдэг. 
Нэр хүнд сайтай хувийн ахлах сургууль бас байдаг. Тэндэхийн нийт төлбөр нь улсын сургуулиас хэд дахин илүү байдаг ч бас л шалгалт өгч орох ёстой болдог. 
Үүний хажуугаар 6 жилийн сургалттай “эскалатор” буюу “цахилгаан шат” сургуулиудад суралцсан хүүхдүүд нэр хүнд сайтай их сургуульд орох магдалал өндөр байдаг. Энэ сургууль нь дунд болон ахлах сургуулийн сургалтыг нэгтгсэн байдаг бөгөөд элсэхийн тулд бага сургуулиа төгссөн 12 настай хүүхдүүд шалгалт өгч өрсөлддөг. Ийм сургуулиуд зарим тохиолдолд нэр хүнд бүхий их сургуулиудын харьяа байдаг бөгөөд шууд тэр их сургуульдаа эслэх магадлал өндөр байдаг учраас хүүхдүүд бас л асар их өрсөлдөөний дундуур гарч шалгардаг. 
Спортын, урлагийн чиглэлийн тусгай сургуулиудад хүүхдүүдийг бас шалгаруулж эсвэл урилгаар элсүүлдэг. 
Ийм байдлаар хамгийн тэвчээртэй, мэрийлттэй, сурлага сайтай хүүхдүүдийг бага наснаас нь ялгаад улам илүү өрсөлдөөнтэй орчинд өөртэй нь адилхан сайн сурлагатай хүүхдүүдийн дунд бэлтгэдэг. Эдгээр хүүхдүүд л цаашдаа том болоод Япон улсыг бизнесийн, улстөрийн, урлаг, спортын гэх мэт бүх салбарт, төв, орон нутгийн бүх түвшинд удирдаж манлайлж явдаг. Энэ бол Япон улсын хөгжлийн гайхамшгийн хамгийн чухал “нууц”. Энэ “нууцыг” Өмнөд Солонгос, Сингапур, Тайвань, одоо Хятад улс шууд дууриаж хуулбарласан. 
Мэдээж хэрэг би өөрөө мэргэжлийн хүн биш учраас энэ бол зүгээр л өнгөц дүгнэлт. Уншаад байхад боловсролын тогтолцоо улс улсаараа маш ялгаатай байдаг. Гэхдээ хөгжлийн улсын хувьд боловсролын тогтолцоо нь нэг талаасаа дэлхийн хэмжээний мэдлэг олгодог, нөгөө талаасаа хичээл зүтгэл бүх юмны түлхүүр гэдгийг хүүхдүүдэд ойлгуулдаг, боловсролын меритокраси-ийг бий болгодог шударга ёсны механизм болдог. Ийм л тогтолцоогоор хүүхэд наснаасаа шалгарч гарсан хүмүүс бүх түвшинд удирдах ажил хийж байгаа нь хөгжлийн хамгийн том баталгаа болдог гэж би итгэдэг. 
"Хөгжил: хэлбэр ба агуулга" танин мэдэхүйн цуврал. 
Эргэцүүлэл No 5 "Хөгжлийн улсын боловсролын тогтолцоо: бага наснаас нь эхэлсэн “боловсролын меритокраси” гэж юу вэ? Хөгжлийн улс ба PISA. Хатуужил, хүмүүүжил, хичээл зүтгэл, багаар ажиллах чанар ба сургууль" 2-р хэсэг
  ​