MONGOLIAN DEVELOPMENT STRATEGY INSTITUTE
Dedicated to public policy through knowledge-based research 

Дашдоржийн Зоригт 
Монгол Ардын Намын үзэл баримтлалын талаар санал бодол:  МАН-ын 28-р Их хурлын үеэр хэлэлцэгдэх баримт бичгийг үндэслэн боловсруулав.   

2017 оны 11 сарын 17-ний өдөр

МАН-ын үзэл баримтлал ийм байж болох юм даа гэж бодсон өөрийн санаагаа намын 28-р Их хурлаас өмнө боловсруулж, хурлын зарим нэг гишүүдтэй санал хуваалцсан. Энэ бол намын албан ёсны баримт бичиг биш, зүгээр л хэсэг хүмүүсийн үзэл бодлын илэрхийлэл. Миний бодлоор ийм суурь баримт бичгүүдээ нам өөрийн гишүүдээрээ өргөнөөр хэлэлцүүлж 21-р зуунд улс төрийн нам гэж ямар байх ёстой вэ, сонгуульд юуны төлөө оролцож, улс төрийн эрх мэдлийн төлөө яах гэж тэмцэж байгаа вэ гэдгээ тодорхой болгох нь зөв.         
 Үзэл баримтлалын үндэс “Хэний төлөө нам бэ?”

Манай нам бол ажилчин, малчин, багш эмч сувилагч цагдаа цэрэг зэрэг дунд доод шатны төрийн албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч болон жижиг, дунд бизнес эрхлэгч, тэтгэвэртээ гарсан ахмад настан, амьдралын жамаар нийгмийн хайр хамламж шаардлагатай болсон нийгмийн хэсэг бүлгийн нам.

Яагаад вэ? Нийгмийн дийлэнх олонхийг бүрдүүлж байгаа эдгээр хүмүүсийн төлөөлөл болсон МАН нь энэ олонхийн эрх ашиг бүрэн хангагдаж, хамгаалагдаж байж л Монгол Улс бүхэлдээ хөгжинө, ард түмэн нийтдээ сэтгэл хангалуун, тайван аюулгүй, эрх чөлөөт амьдралтай болно гэж үздэг. Нийгмийн ардчиллын \социал демократ\ үзэл баримтлал нь энэхүү зорилгод хүрэх хамгийн дэвшилтэт үзэл баримтлал гэдэгт итгэж, үүн дээр үндэслэн баримтлах зарчим, хэрэгжүүлэх бодлого, хүрэх үр дүнгээ тодорхойлдог.

Аль ч улсад хувь хүний хувьд баян, нөлөөтэй биш хэсэг нь өөрийн эрх ашгаа тодорхойлж, хамгаалж, зүтгүүлэх боломж нь нийгмийн бусад бүлэгтэй харьцуулахад дутагдалтай байдаг учраас Монгол Улсад 100 шахам жилийн туршид эдгээр хүмүүс МАН-ыг өөрсдийн төлөөлөл болгож байгуулж, ажиллуулж ирсэн. Нийгмийн тодорхой хэсгийн эрх ашгийг хамгаалж үйл ажиллагаа явуулахдаа энэ үзэл баримтлалыг дэмжигч бүх хүмүүс, нийгмийн бүх төлөөлөл, манлайлагч нарыг манай нам татаж, багтааж ажилладаг.
  
  Үндсэн зарчим

Хамгийн дэвшилтэт, прогрессив Нийгмийн ардчиллын \социал демократ\ үзлээ дотоодод болон олон улсын тавцанд баримтлан хэрэгжүүлдэг бөгөөд үүний голд нь эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл байдаг.

Иймд манай нам ямагт, нэгд, ардчилал, хувь хүний улс төр, эдийн засаг, нийгмийн эрхийг хамгаалах зарчимд үндэслэн гадаад, дотоод бодлогоо хэрэгжүүлэх учиртай. Нийгмийн дийлэнх олонхийг бүрдүүлж буй хэсэгт ардчилалаар дамжуулж хувь хүний эрхээ хэрэгжүүлэх нь хамгийн оновчтой, зөв зүйтэй сонголт мөн. Гагцхүү ардчилсан нийгэмд л шударга ёс, эрх тэгш бадал, эв нэгдэл бүрэн хэрэгжих боломжтой гэж манай нам үздэг.

Хоёрт, шударга ёс болон эрх тэгш байдал салшгүй холбоотой. Иймд үүний төлөө тэмцэхдээ аливаа байдлаар ялгаварлан гадуурхахыг эсэрцүүгэж, хүн бүр эдийн засгийн, нийгмийн, соёлын эрх тэгш боломжтой болон хүний ёсоор энэ нийгэмд амьдрах үндсэн эрхтэй байхыг чухалчилна.

Гуравт, хүний төлөө гэсэн сэтгэлзүйд бүх дотоод гадаад бодлогоо суурьлуулж, аливаа шударга бус үйлдлийн улмаас хохирсон хүн, нийгмийн бүлгийн төлөө тэмцэх, эв санааны нэгдэлтэй байхыг эв нэгдэл гэж ойлгоно. Харилцан хамаарал өсөн нэмэгдэж буй, бүх юм улам ил тод болж буй өнөөгийн ертөнцөд хэнбугай ч ёс зүйн легитим чанартай байж л дотооддоо, гадааддаа хүлээн зөвшөөрөгдөж, аливаа нам засаглах эрхтэй болно. Ёс зүйн легитим чанартай байхын тулд хүний төлөө, шударга ёсны төлөө эв нэгдэл байх учиртай.

Олон улсын тавцанд дээр дурдсан зарчмаа хэрэгжүүлэхдээ ямагт энхтайванч бодлого хэрэгжүүлэхийг мөн суурь зарчим болгоно. Энхтайванч бодлого нь дайн, хүчирхийлэлгүй байхыг хэлэхийн зэрэгцээ дайн мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, олон улсын түвшинд ардчилал, шударга ёс, эрх тэгш байдлыг улам хөгжүүлэх тогтолцоо бүрдүүлэхийн төлөө идэвхитэй байр суурь МАН эзлэж, СоцИнтерн-ий гишүүний хувьд дэлхийн хэмжээнд өргөн хүрээтэй бодлого хэрэгжүүлж оролцоно.    
  

Манай нам бол ажилчин, малчин, багш, эмч, сувилагч, цагдаа, цэрэг зэрэг дунд доод шатны төрийн албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч болон жижиг, дунд бизнес эрхлэгч, тэтгэвэртээ гарсан ахмад настан, амьдралын жамаар нийгмийн хайр хамламж шаардлагатай болсон нийгмийн хэсэг бүлгийн нам.

  Хөгжлийн бодлогын цөм
    
Манай намын хөгжлийн бодлогын гол зорилт нь харьцангүй чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд оршино. Манай намын төлөөлж буй ажилчин, малчин, багш, эмч, сувилагч, цагдаа, цэрэг зэрэг дунд доод шатны төрийн албан хаагч, хувиараа бизнес эрхлэгч, жижиг, дунд бизнес эрхлэгч нарыгаа харьцангүй чинээлэг амьдралтай болгохын төлөө бүх хүчин чармайлтаа зориулна гэсэн үг.

Энэ бодлогыг хэрэгжүүлэхдээ эдийн засгийн өсөлтийг түргэтгэж шинээр ажлын байр, бизнесийн боломж бүрдүүлэхийг онцолно. Монгол Улсын уламжлалт эдийн засгийн давуу талуудыг бүрэн ашиглаж, өрсөлдөх чадвартай экспортын шинэ салбаруудыг бий болгох нь төрийн “шинэ аж үйлдвэржилт”, “шинэ экспорт”-ын бодлогын цөм байх болно.       

Урт хугацааны эдийн засгийн өсөлтгүйгээр нийгмийн дэвшил байхгүй гэдэгт манай нам итгэдэг бөгөөд эдийн засгийн өсөлтийн үр дүнг нийгмийн хөгжил дэвшилд зарцуулах ёстой гэдэгт мөн итгэдэг. Хувийн өмчийн халдашгүй байдал, хөдөлмөрлөж бүтээх хүний эрх чөлөө нь эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил дэвшлийн суурь юм.

Хүн бүрийг нийгмийн даатгалд хамруулах, зах зээлийн шуурганд өртсөн нэгнийгээ халамжийн бодлогоор хамгаалж хүний ёсоор энэ нийгэмд амьдрах боломжийг бүрдүүлэх нь шударга ёс, эрх тэгш байдал, эв нэгдлийн зарчмыг амьдралд хэрэгжүүлэх гол бодлого байна. Мөн боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг нийтэд хүртээмжтэй, эрх тэгш болгохын төлөө бүх зүйлийг зориулна. Нийт иргэдийг харьцангүй хямд, чанартай орон сууцжуулах бодлого нь өнөөгийн шатанд тавигдаж буй хөгжлийн хамгийн чухал зорилт гэж ойлгож төрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.

  
Эдийн засгийн өсөлтийг тэтгэх, нийгмийн хөгжил дэвшлийг хангах бодлогын зөв зохистой тэнцвэрийг тогтоох эдийн засгийн гол хэрэгсэл нь прогрессив татварын бодлого юм.

Хөгжлийн гол хөдөлгүүр хүн өөрөө байх учиртай. Иймд өрсөлдөх чадвартай, хичээх ёсны сэтгэлгээтэй, хөдөлмөрч, төлөв “Монгол хүн брэнд”-ийг төлөвшүүлэх нь хөгжлийн бодлогын гол зорилт бас байна.

Монголын нүүдэлчин удамтай соёл иргэншилээ хадгалж, хөгжүүлэх, байгаль орчиноо хамгаалах нь даяаршиж буй ертөнцөд Монгол Улс оршино тогтнохын чухал баталгаа юм. Үүний тулд улс үндсээрээ бахархах, үндэсний түүх, ёс заншил, суртахуун, уламжлалт шашин соёлоо дээдлэх үзлийг баримтлахын зэрэгцээ даяаршиж буй соёл иргэншлийн хамгийн дэвшилтэт зүйлийг сурах “Дэлхийн Монгол” үзэл баримтлалыг мөн төлөвшүүлнэ.

Байгаль орчны бохирдол доройтлыг хязгаарлан зогсоож, хүн амын эрүүл мэнд, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгалийн нөөцийг зөв зохистой ашиглаж, экологийн цэвэр түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх “ногоон” хөгжлийн  бодлого хэрэгжүүлнэ.

Малчдаа бүх талаар дэмжих, бэлчээрийн мал аж ахуйг шинэ маягийн  хоршоо, хамтлаг, фермерийн аж ахуйтай хослон хөгжүүлэх, малын удмын санг хамгаалах, хүн амынхаа хүнсний аюулгүй, хараат бус байдлыг хангах бодлогоо тууштай баримтална.

Энэхүү бодлого хэрэгжиж байж л ард олон ирээдүйдээ итгэлтэй, сайн сайхан амьдарч, хүний хөгжил хангандана гэж МАН үзэж байна.

Энэхүү зорилтоо хэрэгжүүлэхдээ шударга ёс, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн байгуулал, парламентын засаглалыг төгөлдөржүүлэх, нийгэмд иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд улс төр, эрх зүйн бодлогоо чиглүүлнэ.
Авлига, хүнд сурталтай тэмцэж, шударга бус зүйлийг үл тэвчих нийгмийн орчныг бий болгох зорилтыг тэргүүн зэрэгт тавьж, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна.

Монгол Ардын Намын гадаад бодлого нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эрх ашгийг улс төр, дипломатын аргаар хангахад чиглэнэ.

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын  нэгдмэл, залгамж чанарыг хангахын төлөө ажиллана. Хөрш хоёр оронтойгоо уламжлалт найрсаг, эв тэгш  харилцаагаа өргөтгөхийн зэрэгцээ “гуравдагч хөршийн” бодлогын хүрээнд бусад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ.

Зэвсэгт хүчний зохион байгуулалтыг боловсронгуй болгон, мэргэжлийн бүрэлдэхүүн зонхилсон чадварлаг, иргэнлэг болгон шинэчлэх бодлогыг хэрэгжүүлнэ.

* * *
Монгол Ардын Нам түүхэн уламжлал, үнэт зүйлсдээ үнэнч байж сэтгэлгээ, үзэл баримтлал, бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, арга барилаа цаг үетэйгээ нийцүүлэн байнга тодотгон шинэчилж, олны хүртээл болгон ажиллана.
 
Хичээн эрмэлзэх зүйлийг хэрэгжүүлэхтэй холбогдсон тодорхой бодлого зорилтыг  сонгуулийн мөрийн хөтөлбөр болон бусад баримт бичигтээ тухай бүр тусгана. Энэхүү Хичээн эрмэлзэх зүйлд  нэмэлт, өөрчлөлт оруулах  эрх гагцхүү намын Их хуралд хадгалагдана.
 
Монгол Ардын Нам бүх шатны сонгуульд шударгаар өрсөлдөн ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг хүлээж, хүсэл зориг, эрх ашгийг нь илэрхийлэн хамгаалах төрийн эрх баригч хүчин байхыг эрмэлзэнэ.